Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Дауны Холбоо даунтай иргэдийн ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг хөндөн хамтран ажилладаг түнш байгууллагуудтайгаа ажил хэрэгч хэлэлцүүлэг хийж, харилцан туршлагаа хуваалцлаа.
Хэлэлцүүлгийн зочдоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайдын зөвлөх, JICA Mongolia, JICA DPUB 2 ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, The Asia Foundation Mongolia, GCR Mongolia, Arts Council of Mongolia, The Wasabies, Shangri-La Ulaanbaatar зэрэг байгууллагууд, эцэг эхчүүд, сайн дурын залуучууд уригдан оролцсон байна.
Энэхүү хэлэлцүүлгээр дауны хам шинжтэй насанд хүрсэн иргэдийг ажлын байраар хангахын тулд төр, хувийн хэвшил, ТББ-ууд хэрхэн хамтран ажиллах ёстой, ажлын байрны дадлагажуулагч хэрхэн бэлдэх, үүний тулд олон улсын тэргүүн туршлагыг судлан гадаадын өндөр хөгжилтэй орнууд, олон улсын байгууллагуудтай хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцож, 2022 онд олон санаа, санаачилгаа бодит ажил хэрэг болгохоор ярилцжээ.
Монголоос анх удаа богино хэмжээний киноны төрөлд Оскарын шагналд нэр дэвших эрхээ авсан “Шат” киноны уран бүтээлчид, Arts Council of Mongolia-н удирдлага ирж даунтай залуустай кино бүтээх явцад хамтран ажилласан түүхээ хуваалцаж, дараагийн төсөл дээрээ дахин хамтран ажиллах санал тавьжээ.
Мөн The Wasabies хамтлаг шинэ клипэндээ даунтай хүүхдүүдийг тоглуулах, клип бүтээх уран бүтээлийн ажилдаа даунтай иргэдтэй хамтран ажиллах ёстой юм байна гэдгээ илэрхийлж, тун удахгүй худалдаанд гарах комикс цуврал номон дээрээ даунтай найзуудынхаа тухай түүхийг оруулж буйгаа зарлалаа.
Монголд хамгийн анх удаа даунтай иргэнийг ажилд авч, одоо хүртэл ажлын байраар тогтвортой хангаж байгаа газар бол Shangri-La Ulaanbaatar билээ.
Харин хамгийн олон даунтай залуусын ажлын байраар ханган ажилладаг үлгэр жишээ байгууллага бол GCR Mongolia байгууллага байдаг.
Монголд анх удаа даунтай иргэнийг насан туршийн ажлаар байраар хангах амлалт өгч ажилуулж буй байгууллага The Asia Foundation Mongolia боллоо.