Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийг 2016 оноос хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд жил бүр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганыг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн ээлжит чуулган өнөөдөр Дотоод хэргийн их сургуульд болж ХНХ-ын сайд А.Ариунзаяа оролцож байна.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Гурван эмэгтэй тутмын нэг нь ойр дотнын хүний бэлгийн болон биеийн хүчирхийллийн хохирогч болж байна. Хохирогч эмэгтэйчүүдийн нэг хүрэхгүй хувь нь тусламж эрэлхийлдэг, бусад нь хүчирхийллийг чимээгүй тэвчдэг.
Хэвшмэл ойлголтууд манай улсад байсан хэвээр байна. “Эр эмийн дундуур илжиг бүү жороол”, “Эр хүн ноён нуруу” гэх мэт. Эр хүн л бүхнийг шийддэг гэдэг эцгийн эрхэт нийгмийг хэвшмэл ойлголтоороо бий болгож байна. Нөхрийнхөө шийдвэрээс зөрсөн бол эмэгтэй хүн шийтгэл хүлээнэ гэсэн ойлголт байсаар байна.
Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 60 хувь нь “нөхрийнхөө л үгийг дагна” гэж хариулсан нь хүчирхийллийн суурь болж байна.