Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Баян” Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайд өчигдөр /2021.12.06/ хамгаалагчид нутгийн иргэдийн дунд зөрчилдөөн маргаан үүсч иргэд рүү хийн буугаар бууджээ.
Тодруулбал, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15-16 цагийн үед усан бууны хаягдалыг олборлохоор уурхайн бүсэд орсон Заамар сумын нутгийн иргэд буюу гар аргаар алт олборлогчид руу хамгаалалтын албаны, ээлжийн ахлах Мөөжиг гэгч нь хэд хэдэн хүн рүү санаатайгаар чиглүүлэн буудаж ноцтой гэмтэл учруулжээ.
Хэргийг төв аймгийн Заамар сум, Монгол сов гэх газарт байрладаг цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хохирогчдын гэмтлын зэргийг тогтоохоор шүүх эмнэлэгт ханджээ. Улмаар хамгаалалтын албаны ажилтныг галт зэвсэг, хийн буу ашиглах зөвшөөрөлтэй эсэхийг тодруулж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хамгаалалтын албаны ээлжийн ахлах Мөөжиг гэгч нь “Бүрдэл майнинг” компанийн ТУЗ- ийн дарга Р.Базараагийн бие хамгаалагчийн төрсөн дүү гэх мэдээлэл байна.
Гар аргаар алт олборлогчид тус уурхайн усан буу гэх алт угаах төхөөрөмжийг буулгах үед уурхайд бүлэглэн нэвтэрч зохион байгуулалттайгаар дайрч алт олборлодог учраас ийм төрлийн үл ойлголцол гарч хамгаалалтын ажилчид нинжа нарыг буудсан аж.
Энэ талаар “Бүрдэл майнинг” ХХК-ийн удирдлагуудаас тодруулахад: “Харуул хамгаалалтын компани нь дүрэм журмаараа ажиллаж байгаа байх. Ер нь бол 300 орчим гар аргаар алт олборлогчид уурхайн бүс рүү дайрч, алттай шороог нь дээрэмдэх гэсэн үйлдлийг нь цагдаагийн бие бүрэлдэхүүн ирж таслан зогсоосон үйл явц л өрнөсөн” хэмээн мэдээллээ.