Арабын Нэгдсэн Эмират улсын төр засаг амралтын өдрүүдийг бямба, ням гарагт шилжүүлж, долоо хоногийн ажлын 5 өдрийг хагас өдрөөр танажээ. Энэ нь ажлын хэргийн холбоог бэхжүүлэх, үндэстэн дамжсан корпорациудыг өргөжүүлэхэд тустай гэж BBC News–т мэдээлсэн аж.
Ажлын шинэ хуваарь ирэх оны эхний өдрөөс мөрдөгдөнө. Одоохондоо зөвхөн төрийн өмчит үйлдвэрүүдэд хэрэгжих бол сүүлдээ хувийн компаниуд үүнд нэгдэх юм байна.
Бүсийн өөр улс орнууд баасан, бямба гарагт, эсвэл пүрэв, баасан гарагт амардаг. Учир нь лалын шашинтнуудын хувьд баасан гараг нь ариун өдөрт тооцогддог. Харин АНЭУ баасан гарагийг амралтын бус, хагас цагийн ажлын өдөр болгож байна. Төрийн өмчит үйлдвэрүүд энэ өдөр ажлаа 12 цаг гэхэд дуусгаж, ажилтнууд нь лалын сүмдээ мөргөл үйлдэж болно.
Үүний ачаар АНЭУ долоо хоногийн ажлын өдрийг албан ёсоор 4,5 болгосон дэлхийн анхны улс болжээ.
Эх сурвалж: MIR24