Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Хатагтай Халима Яакобд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Тэрбээр Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, байгаль орчин, шинэ технологийн зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Хатагтай Халима Яакоб Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлээд Элчин сайд С.Энхбаярт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Түүнчлэн Хатагтай Халима Яакоб хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Элчин сайдтай санал нэг байгаагаа тэмдэглэлээ гэж ГХЯ-наас мэдээллээ.