2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 266 сая төгрөгийн төлбөрийн актын биелэлт хангалтгүй байна

Үндэсний аудитын газраас төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын нээлтийг хийж, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх төрийн аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжүүдийг судалж, алдаа зөрчлөө давтахгүй байхад анхаарахыг хүсэж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгт 2020 оны аудитаар тогтоосон төлбөрийн акт, өгсөн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүнг гардуулан өгсөн юм.

2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүнг Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцууллаа.

Төрийн аудитын байгууллага Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар 89 төлбөрийн акт, 210 албан шаардлага, 332 зөвлөмж өгсөн. Үүнээс 77 төлбөрийн акт, 181 албан шаардлага, 300 зөвлөмжийн хэрэгжилтийг тус тус авч үзэн үнэлсэн. Тэгвэл аудитаар өгсөн 266 сая төгрөгийн төлбөрийн актын биелэлт 38.7 хувьтай буюу хангалтгүй байгаа аж.

Аудитаар хүргүүлсэн 145,428.2 сая төгрөгийн 181 албан шаардлагаас бүрэн хэрэгжүүлсэн 116, хэрэгжих шатандаа 44, огт хэрэгжээгүй 18, хугацаа болоогүй гурван албан шаардлага 74.5 хувийн биелэлттэй байна.

Аудитаар өгсөн 300 зөвлөмжөөс 234 нь бүрэн хэрэгжиж, 50 нь хэрэгжих шатандаа, 16 нь огт хэрэгжээгүй буюу 79.4 хувьтай гарсан.

Ковид-19 цар тахалтай холбоотой ЭМЯ-ны бэлтгэсэн хөрөнгийн өртөг, бүртгэл зарцуулалтыг үнэн зөв бүртгээгүй, цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, улаан бүсэд ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудад цалин хөлс, нэмэгдэл, илүү цагийн ажлын хөлсийг бодитой тооцдоггүй нийтлэг алдаа зөрчил байгаа аж.

Үүний зэрэгцээ дээр дурдсан асуудлыг анхаарахаас гадна төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа газруудын акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг бодитой үнэлж, Үндэсний аудитын газарт нотлох баримтын хамт хавсарган ирүүлж байх шаардлагатайг зөвлөсөн юм.

ТАБ төсөв захирагчдад өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтээ үнэллээ.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close