Монголын татварын алба малчин, мал бүхий этгээдээс татварын тайланг хүндрэл чирэгдэлгүй авах зорилгоор тайланг урдчилан боловсруулан Ebarimt аплликейшнээр гаргах боломжийг бүрдүүлжээ.
Малчдын тайланг урдчилан боловсруулахдаа өмнөх онд тоологдсон малын тоо, тухайн жилд хорогдсон малын тоо, тухайн сумын ИТХ-ын аас тогтоосон татварын хэмжээнд үндэслэн боловсруулжээ.
Малчид 2021.12.15-ны дотор тайлангаа илгээх ёстой бөгөөд тайлан гаргахдаа:
1. Ebarimt аппликейшнээ шинэчлэх
2. Өөрийн хаягаараа нэвтрэн орж татвар цэсийг сонгоно
3. Иргэний үнэмлэхний арын QR кодыг уншуулахад таны тайлангийн маягт гарч ирнэ.
4. Тайлангийн мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгаад илгээнэ.
Хэрэв таны тайлангийн мэдээлэл гарч ирэхгүй бол орон нутгийнхаа татварын байцаагчид хандан мэдээллээ шалгуулаарай.
Малын тоо толгойн албан татвар нь тухайн сумандаа зарцуулагдах бөгөөд бэлчээрийн менежмент, худаг ус гаргах, халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх, байгалийн гамшиг тохиолдсон үе зэрэгт зарцуулах хуультай. 2021 оны 12 дугаар сарын 01-ны байдлаар малчид татвараа урьдчилан төлж орон нутгийн төсөвт 6,2 тэрбум төгрөг төвлөрөөд байна.
Малчин, мал бүхий этгээдүүд энэ сарын 15-ны дотор татварын тайлангаа гаргаж, татвараа төлөөрэй.