МАН-ын 30 дахь Их хурлаар хэлэлцэх асуудлын дараалалд МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулах асуудал багтаж байна. Тус намын ЕНБД Д.Амарбаясгалангийн илтгэлд 100 жилийн настай МАН-ын дүрэмд орох өөрчлөлтийн санаанууд багтжээ.
Монгол Улс олон намын тогтолцоо бүхий ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш улс төрийн 40 нам төрж байсан болон тэдний 10 нь татан буугдсан. Одоогоор Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байна.
Гэвч тэдний дунд орчин үеийн улс төрийн намын шалгуурыг хангах хэмжээнд төлөвшсөн нам цөөн. Хэн нэгэн лидер юмуу үүсгэн байгуулагчийн удирдлагаас шууд хараат нэг хүний, эсвэл лидер тойрсон бүлэглэл маягийн хэлбэртэй байгаа нь үнэн юм.
Монгол Улсад улс төрийн олон намын тогтолцоо бүрдсэн 30 жилийн түүхэнд улс төрийн намууд сонгуульд ялалт байгуулах асуудлыг хамгийн том зорилго хэмээн үзэж ирсэн бол МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан улс орны хөгжлийг боомилж ирсэн энэ тогтолцоог эвдэж, МАН-ын бодлого боловсруулдаг институци болгоно гэсэн зорилт тавьж байна.
Гэхдээ улс төрийн намын тогтолцооны шинэчлэл нь зөвхөн Монгол Ардын Намын асуудал биш. Тиймээс УИХ-д суудалтай болон суудалгүй намууд хамтарч, иргэдийнхээ санаа бодлыг харгалзан, эрдэмтэн мэргэдийнхээ санал зөвлөмжид тулгуурлан хийгдэх намын тогтолцооны шинэчлэлийг Монгол Ардын Нам бодлогоор дэмжиж ажиллана хэмээн мэдэгдлээ.
Мөн тэрбээр улс төрийн намуудыг улс төрийн бодлого боловсруулдаг институт болгон хөгжүүлэхийг уриаллаа. Тус намын ЕНБД Д.Амарбаясгалангийн МАН-ын дүрэмд оруулах өөрчлөлтийн гол санааг түүвэрлэн хүргэж байна.
Намын дүрмийн шинэчлэл
- Үзэл баримтлал, хөтөлбөрөө шинэчлэн найруулж, намаас дэвшүүлж буй томоохон дэвшилтэт бодлогыг дагалдан намын амьдралын хэм хэмжээг зохицуулдаг дүрэмд нэмэлт өөрчлөлт хийхээр бэлтгэжээ.
- Монгол Ардын Намын дүрэмд цахим шилжилтийг эрчимжүүлэх, намын анхан шатны байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх, намын хүний нөөцийн бодлогыг чадахуйн зарчмаар боловсронгуй болгох, сонгогдож томилогдсон албан тушаалтны сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чангатгах зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж байгаа юм байна.
- Аливаа гэмт хэрэгт холбогдсон, тэр дундаа авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байх заалтыг дүрэмд оруулахаар тусгаж байгаа аж.