Коронавирусийн шинэ хувилбар Омикрон голомтлон тархаж байгаа 10 улсаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Харин энэхүү жагсаалтад нэг улсыг нэмсэн байна.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Омикрон хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбоотой Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтад Нигери улсыг нэмлээ. Энэ улсаас ирж буй Монгол Улсын иргэд 10 хоног тусгаарлагдана” гэв.
Ингэснээр дараах 11 улсаас ирэх иргэд тусгаарлагдах юм байна.
- ӨАБНУ
- Ботсвани
- Ангол
- Эсватини
- Лесото
- Намиби
- Замби
- Малави
- Мозамбик
- Зимбабве
- Нигери.
Омикрон бүртгэгдсэн улсаас болон түүгээр дамжин эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлах хоногийн төлбөр нь 0-3 насны хүүхдүүд төлбөргүй, 4-16 насныхан 50 хувийн төлбөртэй байх бол 17-оос дээш насныхны тусгаарлалтын нэг хоногийн төлбөр нь 100,000 төгрөг байна. Тусгаарлалтын 10 хоногийн хугацаанд иргэдээс хоёр удаа PCR шинжилгээ авна гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдэж байв.