2021-12-04 12:451min00

Жо Байден В.Путинтай хийх хэлэлцээрийн үеэр Украины нөхцөл байдлыг ярилцана

05

Америкийн удирдагч ОХУ-ын тодорхойлсон “Улаан шугам”-ын талаар асуусан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Хэн нэгний улаан шугамыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх видео хэлэлцээрийн үеэр Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар ярилцана гэж найдаж байгаагаа мөн илэрхийлжээ.

Арваннэгдүгээр сарын 30-нд болсон “Russia Calling” форумын үеэр Путин Украинд гадаадын зэвсэг байршуулж байгаа нь ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн явдал хэмээн мэдэгдсэн бол Оросын ГХЯ ээд Украин НАТО-д элсэх нь Москвагийн хувьд “улаан шугам” болно гэж анхааруулсан юм.

Үүний өмнөхөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Байден болон Путин хоёрын яриа нэн ойрын ирээдүйд болох ёстой” хэмээн мэдэгдсэн юм.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков видео хурлын хэлбэрээр явагдах хэлэлцээрийг 12-р сарын 7-нд болж магадгүй ч товыг хараахан тохиролцоогүй байна гэдгээ мэдэгээд байгаа билээ.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Путин, Байден нарын хэлэлцээний огноо, цаг аль хэдийн тодорхой болсон ч эцсийн тохиролцоонд хүрэх хүртэл мэдэгдэхгүй гэсэн байна. Харин Цагаан ордон Байден Путинтэй хийх яриа хэлэлцээний үеэр Украины асуудалд анхаарлаа хандуулна гэжээ.