Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, түүнд үзүүлэх үйлчилгээний талаархи мэдээллийг бичгээр өгөх нь цагдаагийн байгууллага, алба хаагчийн үүрэг юм.
Тэгвэл “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод өгөх тусламж үйлчилгээний хуудсыг брайль үсгийн фондоор анх удаа хэвлүүлжээ. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод бичгээр өгч буй энэхүү тусламж үйлчилгээний хуудас нь гэр бүлийн хүчирхийллийн ойлголт, хэлбэр, гэр бүлийн гишүүдийн дотно харилцааг шалгах, үнэлэх аргачлал, хүчирхийллийн талаарх мэдээллийг хэнд өгөх, хаана хандаж, ямар үйлчилгээг авч болох зэрэг мэдээллийг агуулсан юм.