“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум өнөөдөр боллоо.
“Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө Улсын Их Хурал, Засгийн газар, НИТХ-тай хамтран олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг нэгдмэл бодлогоор шийдвэрлэхийг зорин ажиллалаа. Өнөөдрийн арга хэмжээгээр Улаанбаатарын хотын бүтээн байгуулалт, хөгжлийн нөөц, бололцоог Та бүгдийн оролцоо, нягт хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд, үр дүнтэй ашиглах гарц, шийдлийн талаар санал солилцож, бодит ажил хэрэг болгохыг зорьж байна” хэмээн тус арга хэмжээг нээж арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэв.
Мөн “Гүүрэн байгууламжийн хурдан галт тэрэгний ТЭЗҮ-ийг хийж байгаа. LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөлд төвлөрнө. Манай хотод явах хөнгөн галт тэрэг нь 5-10 жилийн настай биш 70-100 жил явчихаар хийх ёстой гэсэн бодолтой ажиллаж байна.
Эхний ээлжид Нисэхээс Яармагийн гүүр, Хан-Уул дүүргийн араар, Гэгээнтэн, БЗД-ийн 26 дугаар хороо руу эргээд микро рүү гэх эхний 16 метр тарас орохоор шаргуу ажиллаж байна. Хоёрдугаарт Улаанбаатар хотын тойрог хурдны зам байна. Гурван эгнээтэй 71.5 км замын техник эдийн засгийн урьдчилсан тооцооллууд хийгдэж байгаа. Улаанбаатар хот осол, аваар гарах хамгийн их эрсдэл өндөртэй хот гэсэн дүгнэлт гарсан.
Мөн Улаанбаатар хотод 2040 он гэхэд 1,738 км замыг шинээр тавьж, есөн нүхэн гарц шинээр байгуулсан байхаар ерөнхий төлөвлөгөөнд тусгасан.Дараагийн чухал зүйл нь гэр хорооллын дундуур Туул голын хурдны замтай холбосон замыг хийснээр Улаанбаатар хот олон төвт хот болно” гэв.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон 27 жил шинэчлэгдээгүй байсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулаад буй.
Энэ хуулийн хүрээнд Улаанбаатар хот 30 жил хуримтлагдсан олон асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэж байгааг форумын үеэр удирдлагууд онцолсон юм.
2022 оноос эхлэн хэрэгжих энэхүү хуулиар нийслэл хотын эрх зүйн чадамж дээшлэх, нийслэл нь хуульд заасны дагуу үнэт цаас гаргах, нийслэлийн хэмжээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах, Улаанбаатар хотын дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах замаар нийслэл хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн.” гэдгийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
УИХ-ын гишүүн бөгөөд УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан “Нийслэл хотод тулгамдаж байгаа олон асуудал байгаа. УИХ эдгээр асуудалд цэг тавихаар нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллахаар санал нэгдэж, УИХ-д анх удаа улс төрийн нам, эвсэл үл хамааран, нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд эвлэлдэж, 26 гишүүний бүрэлдэхүүнтэй Түр хороог байгуулсан. Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо нь Улаанбаатар хотын төлөвлөлт, замын түгжрэл, экологийн аюулгүй байдал зэрэг нийгэм, эдийн засгийн асуудлыг бодлогын түвшинд шийдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилготой” хэмээн ярилаа.
Нийслэлийн хүн ам сүүлийн 30 жилийн хугацаанд гурав дахин өсөж, өнөөдрийн байдлаар 1.5 саяд хүрсэн. Энэхүү өсөлттэй уялдан хөдөлмөрийн насны нийт хүн амын 64.2 хувь, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 69.2 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.
Хөрөнгө оруулагчидтай хамтарч шийдвэрлэх ажлууд Улаанбаатар хотод олон бий бөгөөд энэ ч зорилгын үүднээс өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буйг нэмж онцлов.
Энэ үеэр Улаанбаатар хотын удирдлагууд ирэх жилүүдэд гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн чадавхыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжийг хангах, одоо хэрэгжиж байгаа олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, санал солилцсон юм.
1 comment
Сумьяа бид аль аль нь үзэхгүй нь дэ