Ардчилсан нам “Иргэний Ардчилал” үндэсний хөтөлбөрийг орон даяар эхлүүлж ойн баяраа тэмдэглэх гэж байгаа талаараа Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир мэдээллээ.
Тэрээр “2021 оны 12 сарын 6-ны өдөр ардчиллын төлөөх намууд нэгдсэн баярын түүхэн өдөр. Энэ өдөртэй холбогдуулаад хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах юм. Ардчилсан нам өдгөө байгуулагдаад 21 жил, ардчилсан хувьсгал ялаад 30 жил болж байна. Эрийн цээнд хүрч байгаа Ардчилсан нам 30 жил болж байгаа нийгмийн тогтолцоог шинэ түвшинд гаргах, “Иргэний ардчилал” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар зарлаж байна.
Намын их хурлаа хийх үеэр төлөөлөгчид энэ ардчилал өөрөө иргэний ардчилал биш төрийн ардчилал болсон талаар ярьж байсан юм. Түүнчлэн ардчилал 30 жилийн дараа сорилтод оржээ гэж үзсэн. Иймээс дээрх хөтөлбөрийг санаачилж байгаа юм. Төрд бус иргэдэд эрх мэдлийг яаж өгөх вэ гэдэгт хэд хэдэн багц ажлыг хийнэ. Энэ ажлын хүрээнд 12 дугаар сарын 3-нд Иргэний ардчилал ба 21 дүгээр зуун хэмээх эрдэм шинжилгээний хурал зарлана. Мөн 12 дугаар сарын 4-нд гэр хороолол руу чиглэсэн “Иргэний ардчилал ба иргэний шийдэл” үйл ажиллагаа зохион байгуулах юм. Түүнчлэн Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдана. Үүний дараа 12 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд 330 сумаас нэгийг нь сонгоод хөгжлийн загвар болгон харуулж, шинжилгээ хийнэ. Хөдөө, орон нутаг руугаа хандсан ажил хийх гэж байна” гэлээ.