Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс гадаадын иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлжээ.
Хэрэв визийн зөвшөөрөл хүсэхдээ шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн тохиолдолд виз, визийн зөвшөөрлийг олгохоос татгалзах бөгөөд тухайн тохиолдолд бүртгэлтэй цахим хаягаар хариу мэдэгдэх юм.
Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг бөгөөд олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.
Цахимаар визийн зөвшөөрөл хүсэх дараалал:
- immigration.gov.mn сайтад хандах
- “Визийн зөвшөөрөл” хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгох
- Мэдээлэлтэй танилцаж, “Цахимаар үйлчилгээ авах” хэсгийг дарах
- Цахим үйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгүүлэх
- Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээх
- Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээнэ хэмээн Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.