Хүний эрхийн Үндэсний комиссоос Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчилгээ, үйлчилгээний нөхцөл байдал, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд аравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтыг комиссын гишүүн Г.Нарантуяа удирдаж, комиссын референт Ч.Ариунаа, Б.Нандинцэцэг, С.Энхзаяа, гишүүний туслах А.Балдангомбо, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаа, Комиссын гэрээт зөвлөх, сэтгэл зүйч Т.Хонгорзул нар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан байна.
Шалгалтаар СЭМҮТ-ийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, хүрэлцээ, хадгалалт, тасгуудын үйл ажиллагаа, нөхцөл байдал, өвчтөнүүд бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн болон бэлгийн дарамт, хүчирхийллээс ангид байх баталгааг бүрдүүлсэн байдал, өвчтний эргэлт, гэр бүлтэйгээ харилцах боломж, төвд асруулагчийн нийгмийн халамжийн тэтгэвэрийн зарцуулалт, хувь хүний нууцыг хамгаалах талаар авч байгаа арга хэмжээ зэрэг таван чиглэлд хамаарах 32 асуудалд хяналт тавьжээ.
Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газрыг байгуулж, СЭМҮТ-ийг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх, дуусгавар болсон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлах, эмнэлгийн чанартай албадлын арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн орчин, үйл ажиллагааны горимыг өөрчлөн сайжруулах талаар саналыг ХЭҮК-оос УИХ, Засгийн газарт гаргах, СЭМҮТ-ийн үйл ажиллагаанд гарсан зөрчил дутагдлыг арилгуулахаар Комиссын гишүүний шаардлага, Мэргэжлийн хяналтын байцаагчийн зөвлөмжийг тус төвд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.