ОУВС-ийн дүрмийн IV зүйлийн дагуу гишүүн орнуудтай хийдэг хоёр талын хэлэлцүүлгийг Монгол Улстай арваннэгдүгээр сарын 29-нд зохион байгуулав. Энэ талаарх ОУВС-ийн мэдээллийг товчлон хүргэж байна.
Цар тахлын нөлөөгөөр сүүлийн 10 жилд үзэгдээгүй эдийн засгийн гүн хямралаас Монгол Улс гарч байна.
Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөөс үүдэлтэй суурь нөхцөлүүд сайжирсны дүнд экспорт үлэмж тэлсэнтэй холбоотой юм.
- Хэдийгээр эдийн засгийн дэмжлэг, вакцинжуулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа ч цар тахлын улмаас дотоодын идэвхжил сул хэвээр байна.
- Олон хүн, ялангуяа эмэгтэй ажилчид ажиллах хүчний эгнээнээс зарим нь бүрмөсөн гарч байна.
- Сүүлийн үед инфляц өссөн ч энэ нь импортын үнээс шалтгаалж байгаа түр зуурын хүчин зүйлс юм.
- Цар тахлын үеийн бодлого зохих ёсны дэмжлэг болсон. Гэсэн хэдий ч зорилтот бус, тэвчиж болох санхүүгийн дэмжлэг, төсвийн бодлогыг УИХ-аас үргэлжлүүлсээр байгаа нь макро эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлсэн. Үр дүнд нь улсын өр огцом өсөж, төлбөрийн тэнцэл улам суларч, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдал алдагдаж байна.
- Засгийн газар болон Монголбанк Монгол Улсын гадаад эмзэг байдлыг зохих хэмжээнд удирдаж чадсан. Дэлхийн санхүүгийн таатай нөхцөлийг ашиглан 2022−2023 онд төлөх Евро бондыг илүү сайн нөхцөлөөр амжилттай санхүүжүүлсэн. Гэвч өндөр хэвээр байгаа гадаад өрийн хэмжээтэй харьцуулахад гадаад валютын нөөц хангалтгүй гэж болно.
- ДНБ 2020 онд 4.6 хувиар буурсан ч 2021 оны эцэст 4.5% өснө хэмээн таамаглаж байна. 2022-2023 онд Монгол Улсад экспортод тулгуурласан өсөлт үргэлжлэх бөгөөд экспортын гарцууд бүрэн нээгдэж, Оюутолгойн зэсийн уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаандаа дуусвал эдийн засгийн өсөлт 6.5-7 хувьд хүрэх төлөвтэй байна.
- Халдварын тархалтыг хянаж байгаатай холбоотой дотоод нөхцөл байдал аажмаар хэвийн болох төлөвтэй. Дунд хугацаандаа өсөлт 5% орчимд байх ч үйлдвэрлэлийн хэмжээ цар тахлын өмнөхөөс доогуур байх хандлага байна.
- Инфляц төв банкны зорилтот түвшинд байх нь. Экспортын үнийн өсөлтөөс үл хамааран 2020 оны урсгал дансны эерэг байдал түр зуурынх байх магадлалтай. Энэ нь Монгол Улсын экспорт төрөлжиж чадаагүй, импортоос хэт хараат, гадаад өр өндөр байгаагийн тусгал юм.
- Гадаад валютын нөөц чамлалтай, гадаад өр өндөр байгаа Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал улам дордох, хил хаалттай байх хугацаа удаашрах, дэлхийн санхүүгийн хатуу нөхцөл зэрэг нь ихээхэн эрсдэл дагуулж буй.
- Цар тахлын улмаас улам даамжирсан санхүүгийн салбарын сул байдал төр, хувийн хэвшлийг гаднаас зээл авахад хүргэж, Монгол Улсыг гадаад нөлөөнд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
- Активын чанар эрс муудах нь банкны хөрөнгөд нөлөөлж, сэргэлтийг удаашруулж болзошгүй.
- Эцэст нь, мөчлөг дагасан бодлого нь макро санхүүгийн тогтвортой байдал, өрийн тогтвортой байдлыг алдагдуулж, бусад томоохон эрсдэлүүдийг шийдвэрлэх бодлогын орон зайг хумьж, Монгол Улсын сэргэлтийг сааруулж болзошгүй юм.
“COVID-19-ТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРДЛЫН АУДИТЫН БҮРЭН ТАЙЛАНГ НИЙТЛЭХ НЬ ЧУХАЛ”
ОУВС-ийн Гүйцэтгэх захирлууд Монгол Улсад вакцинжуулалтын кампанит ажил амжилттай хэрэгжиж, экспортод тулгуурлан сэргэж байгааг сайшаасан ч цар тахалтай холбоотой тодорхойгүй байдал, эрсдэл даах хязгаарлагдмал байдал, улсын гадаад өр өндөр байгаа зэргийг анхааруулсан байна. Энэ хүрээнд улс орны урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн сэргэлтийг хангахын тулд экспортын өсөлтийг ухаалгаар зохицуулах нь чухал болохыг онцолжээ.
Мөн төсвийн бүтцийн зоримог шинэчлэл хийх нь чухал ач холбогдолтой байгаа ба үүний тулд
- нийгмийн халамжийг зорилтот бүлгүүдэд чиглүүлж
- үр дүнтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлэх
- тэтгэврийн томоохон шинэчлэл хийх
- төсвийн хөрөнгө оруулалтын менежментийг сайжруулах
- татварын удирдлагыг сайжруулах
зэргийг чухалчилсан байна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалахын тулд Ирээдүйн өв сангийн бүрэн бүтэн байдлыг хадгалах ёстойг мөн онцлон тэмдэглэжээ.
Мөнгөний болон гадаад тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг нэмэгдүүлэх шаардлагатайг ОУВС-ийн захирлууд онцолжээ. Инфляцыг тогтворжуулахын тулд байнгын сэрэмжтэй байх шаардлагатай. Төсвийн шинжтэй үйл ажиллагааг төсөвт шилжүүлж, үе шаттайгаар халж, УИХ мөнгө, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргахыг эсэргүүцэх ёстойг мөн онцолсон байна.
2021 оны эцэс гэхэд зохицуулалтын хэрэгжилтийг үе шаттайгаар зогсоож, хөрөнгийн дутагдалтай байж болзошгүй банкуудын активын чанарыг цаг тухайд нь шинээр, хараат бусаар хянан шалгах нь банкны балансын ил тод байдал, зөв үнэлгээг хангахад чухал ач холбогдолтой гэжээ. Амжилттай IPO гаргахад шаардлагатай урьдчилсан нөхцөл, гэнэтийн төлөвлөгөө гаргах шаардлагатай байгааг онцлоод IPO хийх эцсийн хугацааг хойшлуулахыг уриалав.
Захирлууд эрх баригчдын тогтвортой, хүртээмжтэй, ногоон хөгжилд чиглэсэн урт хугацааны хөгжлийн стратегийг сайшаав. Тэд бизнесийн орчныг сайжруулахын тулд хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх, төрөлжилтийг дэмжихийн тулд авлига, засаглал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон жилийн турш түгшсэн асуудлуудыг цэгцлэхэд шийдвэртэй алхам хийхийг эрх баригчдад уриалав. Төлбөрийн чадваргүй байдлыг, шүүхийн шинэчлэлийг нэн тэргүүнд хийх ёстой гэжээ. Түүнчлэн COVID-тэй холбоотой зардлын аудитын бүрэн тайланг нийтлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэж, түүн дотор ашиг хүртэгчдийн талаарх дутуу мэдээлэл багтсаныг дурдсан байна.