УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын далбаатай хөлөг онгоц явж байгаад зөрчил гаргасан тохиолдолд манай улсад ямар хариуцлага хүлээлгэдэг вэ. Ер нь манай улсын төрийн далбаатай явж байсан хэдэн онгоц өнгөрсөн хугацаанд зөрчил гаргаж байсан бэ?
Б.Энх-Амгалан (Ажлын хэсгийн ахлагч): Монгол Улсын төрийн далбааг ашиглаж яваад зөрчил гаргасан тохиолдол гардаг. Гэхдээ үүнийх нь төлөө Монгол Улс хариуцлага хүлээдэг эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин манай улс холбогдох зөрчлийнх нь дагуу мэдээллээ өгдөг. Манай улс бол олон улсын Далайн байгууллагын гишүүн орон. Тиймээс бусад улс орнуудын адил далайд далбаагаа мандуулах, эрдэм шинжилгээний ажил хийх, загас агнуур хийх эрх нээлттэй байдаг. Харин 1999 оны хуульдаа хэт ерөнхий заачихсан учраас эдгээр боломжийг ашиглах боломжгүй явж ирсэн. Тиймээс хуулийн зохицуулалтаа илүү нарийвчилж байгаа юм. Цаашдаа Монгол Улс өөрийн гэсэн онгоцтой болж өөрсдөө тээвэр хийдэг болох зорилтын хүрээнд хууль эрх зүйн шинэчлэл хийж байгаа нь энэ.
С.Батболд (Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга): 2003 оноос хойш нийтдээ 4000 гаруй хөлөг онгоц Монгол Улсын төрийн далбааг мандуулсан. Энэ хугацаанд 20 орчим зөрчил бүртгэгдсэн байдаг.
Ч.Хүрэлбаатар: Энэ хуулийн өөрчлөлтөөр манай улсын хувийн хэвшлийнхэн далайн тээвэр эрхэлж болох уу?
С.Батболд (Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга): Энэ асуудлуудыг нээж өгч байгаа. Монгол Улс зөвхөн далбаагаа ашиглуулдаг байсан бол энэ хуулийг баталснаар загас агнуур хийх гэх мэтээр далай ашиглах эрхтэй болно. Манай далайн захиргаанд бүртгэлтэй онгоцнуудын нэг нь Монгол Улсын иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг.