Коронавирусийн шинэ мутаци болох В.1.1.529 буюу Омикрон хувилбар тархсан нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зарим улс орнууд хилээ хаах, шууд нислэгээ зогсоох, зорчигчдын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээ авч буй.
Үүнтэй холбоотойгоор манай улс гадаадаас ирэх иргэдэд ямар хязгаарлалт тавьж байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Коронавируст халдварын шинэ хувилбар буюу Омикрон хувилбар нь 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад албан ёсоор бүртгэгдсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн хувилбарт халдвар дэлхийн 20 гаруй улс оронд бүртгэгдээд байгаа юм.
Шинэ хувилбарын тохиолдол гарч байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнууд гаднын зорчигчдыг авахгүй байх, зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлах болон хилээ хаах хүртэл арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Манай улсын хувьд, Улсын Онцгой комиссын шийдвэрээр,
- Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс,
- Ботсвана,
- Ангол,
- Эсватини,
- Лесото,
- Намиби,
- Замби
- Малави,
- Мозамбик,
- Зимбабве зэрэг улсаас гаднын зорчигчийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан.
Мөн дээрх улсуудад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон болон дайран өнгөрсөн монгол иргэд болон Монгол Улсад оршин суудаг гадаад иргэдийг ирэхэд нь өөрийнх нь зардлаар 10 хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг гаргаад хэрэгжүүлж байгаа.
Цаашид нөхцөл байдлаас шалтгаалан халдварын тохиолдол илэрсэн улсаас зорчигч хүлээн авахгүй байх, зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах, хилээ хаах магадлалтай улсуудын тоо нэмэгдэж болзошгүй байна.
Иймд халдвар авахгүй байж, бусад улсад очоод тусгаарлалтад орж болзошгүй эрсдэлүүдийг тооцож үзэн онц шаардлагагүй бол гаднын улсуудад, тэр дундаа халдвар илэрсэн гаднын улсуудад зорчихгүй байхыг иргэдэд зөвлөж байна.
Улсын онцгой комиссоос гаргасан хязгаарлалт нь зөвхөн дээр нэр дурдсан 10 улсаас ирэх зорчигчдод хүчин төгөлдөр үйлчилнэ.
Хэдийгээр Монгол иргэд түгээмэл зорчдог Бельги, Чех, Их Британи, Австрали, Итали зэрэг улсад халдварын тохиолдол илэрсэн ч дээрх улсуудад ирэх гаднын иргэд болон Монгол иргэд монголд ирэхэд ямар нэг хязгаарлалт байхгүй. Хэвийн журмаар нэвтэрч байгаа” гэв.
[fbvideo link=”https://www.facebook.com/watch/?v=325767762382642″ width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]