Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурлын зарим гишүүн үзэж сонирхлоо. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрэээнэ жилийн соёолонгийн уралдааны түрүү магнайд хурдаллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түрүү соёолонгийн галаар зочилж, түрүү магнайд хурдалсан хүлгийн уяач, унаач хүүхдэд баяр хүргэлээ.
Уяач Г.Батбаатар хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Д.Дагвадоржийн галын уяач юм байна. 2015 онд их насны түрүү авч байсан “АСА” гал сүүлийн хоёр наадам дараалан соёолонгийн түрүү авсанд Ерөнхий сайд баяр хүргэж, сайн сайхныг хүсээд хийморьтой сайхан наадамлаж, наадамчин түмнээ баярлуулж явахыг ерөөлөө.
-2016 оны наадмаар шинэ Ерөнхий сайдыгаа соёолонгийн түрүүтэй угтаж байсан манай галынхан энэ жил мөн л соёолонгийн түрүү авлаа. Ерөнхий сайд маань хоёр дахь жилдээ хүрэлцэн ирж баяр хүргэж байгаад манай галынхан баяртай байна. Хийморьтой сайхан наадам болж байна гэж хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.