Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих цуврал сургалтыг зохион байгуулж байна. Өчигдөр /2021.11.29/ “Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах нь”, “Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд тайлбар гаргах, байр сууриа илэрхийлэх” зэрэг сэдвээр МУИС-ийн багш доктор, профессор Ц.Сарантуяа хичээл заалаа. Өмнөх сургалтуудаар “Хууль тогтоомж үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоох аргачлал”, “Албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх” зэрэг сэдвүүдээр хичээл орсон юм.
Сургалтад УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд, УИХ-ын гишүүдийн ажлын албаныхан хамрагдав.
МУИС-ийн багш доктор, профессор Ц.Сарантуяа өнөөдрийн сургалтын үеэр “Аливаа Үндсэн хуулийн шүүхтэй улсад Үндсэн хуулийн шүүхэд ханддаг субъект гэж байдаг. Үүний нэг нь заавал Парламент байна. Бусад нь өөр өөр байж болно. Манай Үндсэн хууль, Цэцийн тухай хуульд Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцэд хандаж хүсэлт гаргана гэсэн заалт орсон байдаг. Парламент, Үдсэн хуулийн цэц хоёр нь нэг зүйлийн төлөө буюу бүх хууль тогтоомж Үндсэн хуульд нийцэж байхын төлөө хамтарч ажиллахыг Үндсэн хуулиар зааж өгч байдаг. Иргэд Үндсэн хуулийн цэцэд хандан зөвхөн хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянуулах боломжтой байсан бол одоо албан тушаалтны мэдээллийг гаргах боломжтой болсон. Мөн УИХ-аас хууль, бүтэц зохион байгуулалт хууль зөрчиж байна уу гэдэг дээр ҮХЦ-д хандах шаардлага байдаггүй. УИХ-ын өөрийнхөө баталсан хууль бусад шийдвэрүүдийг өөрчлөх, хүчингүй болгох, шинэчлэх эрхтэй байдаг” гэдгийг онцолж байв.
Сургалтад оролцогчид Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл гаргах иргэн, хуулийн этгээдийн эрх үүрэг, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Захиргааны хэргийн болон бусад шатны шүүх хүлээж авахгүй байх тохиолдолд хэрхэх зэрэг асуултуудыг асууж хариулт, мэдээлэл авч байв.