НИТХ-аар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө байсан юм. Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт харьцангуй өндөр хувьтай байгаагийн дээр зөвшөөрөлгүй баригдсан олон тооны гараашийг буулгаж, нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн, хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлсөн гэхчилэн сайн үйл хийснийг НИТХ-ын төлөөлөгчид сайшааж байгаагаа илэрхийллээ.
Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөлтөд нийслэл Улаанбаатар хотын хилийн цэсийн маргааныг нэг мөр болгон цэгцэлж, тогтоох, нийслэлийн нутаг дахь оршуулгын газруудын газрыг хэрхэх тухай шийдэлд хүрэх, газар чөлөөлөлт, нөхөн төлбөрийн мэдээллийг иргэдэд нээлттэй түгээх зэрэг саналыг илэрхийлсэн.
2022 онд 5495 иргэнд нэгж талбар газар буюу нийтдээ 356 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээр иргэд нь тухайн газартаа олон жил амьдарсан ч өмчлөх эрхээ авч амжаагүй хүмүүс юм байна. Түүнчлэн зөвшөөрөлгүй баригдсан гарааш буулгах ажлыг ирэх онд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.