Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэг улиралд их наяд гаруй төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар Монголын хөрөнгийн зээлийн үнэлгээ тав орчим их наяд төгрөг байгаа юм. Ингэхдээ гуравдугаар улиралд өсөлт нь хоёрдугаар улирлаас 1.1 их наяд төгрөгөөр өссөн гэж Санхүүгийн зохицуулах хороо тайландаа дурдсан байна. Ингэхээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сөөмөөр биш төөгөөр өсөж байна. Нэг улиралд их наядын өсөлт гэдэг бол Монголын хөрөнгийн зах зээлийн жилийн өсөлт гэхэд ч хилсдэхгүй. Монголчуудын ойлгодоггүй, оролцдоггүй энэ салбар нэг улиралд жилийн нүүрсний экспортын орлоготой дүйх хэмжээний өсөлт үзүүлсэн нь салбарын өсөлтийг илэрхийлж байгаа юм. Ийнхүү өсөлтийг Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэд хэдэн шалтгаанаар тайлбарлав.
Өсөлтөд юу нөлөөлөв?
Нэгдүгээрт, хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын үйл ажиллагаа сайжирч, ногдол ашиг тараалт нэмэгдсэнээр арилжаачдын хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж байна. Монголын хөрөнгийн биржийн топын тоонд багтдаг АПУ ХК дээр жишээ авахад, тус компанийн ногдол ашиг тараалт болон цэвэр ашгийн хэмжээ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор хувьцааны ханш 600 төгрөгөөс 1300 төгрөг хүртэл өсөж, зах зээлийн үнэлгээ 700 орчим тэрбум төгрөгөөр, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хамаарал бүхий компаниудын хувьцааны ханш оны эхнээс огцом өссөн тул зах зээлийн үнэлгээ 200 орчим тэрбумаар нэмэгдсэн. Энэ мэтчилэн компаниуд ашигтай ажиллаж, ногдол ашиг, зах зээлийн үнэлгээ өсөж байгаа нь салбарыг тэр чигт нь өсгөж байгаа юм.
Хоёрдугаарт, арилжааны банкны хадгаламжийн хүү буурсан. Ингэхээр иргэд аж ахуйн нэгжүүд арилжааны банканд байсан хадгаламж, хөрөнгөө татаж, өгөөж өндөртэй хэрэгслүүд байршуулах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор оролцогчдын идэвх өссөн нь нөлөөллөө.
Нөгөө талаас бодлогын шийдвэрүүд ч нөлөөллөө. Тухайлбал, УИХ Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар арилжааны банкууд олон нийтийн болох эрх зүйн орчин бүрдсэн. Энэ нь хөрөнгийн зах зээл нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн юм.
Хил хаасан нь компаниудын хувьцаа өсөхөд нөлөөлжээ
Өмнөд хөршид халдвар тархаж, хилийн хязгаарлалт тогтоосноор манай эскпортын гол гарц хаагдсан. Ингэснээр дотоодын зарим компаниудын борлуулалт өсжээ. СЗХ-ны гуравдугаар улирлын тайланд дурдсанаар ТОП 20 компанийн хувьцаа их хэмжээгээр арилжаалагдсан нь хил хаасантай холбоотой ажээ. Хил хаасны улмаас дотоодын үйлдвэрлэл иргэдийн хэрэгцээг хангаж, импортын бараатай өрсөлдөж олдог мөнгөнөөс илүү хэмжээний ашигтай байгаа болохоор иргэд их хэмжээгээр хувьцаа худалдаж авсан байна.
Арилжаанд хэн оролцож байна вэ?
Тэгвэл хөрөнгийн зах зээлийн арилжаанд хэн оролцож байна вэ гэдэгт анхаарлаа хандуулъя. Арилжаанд оролцогчдын ихэнх хувийг дотоодын иргэн эзэлж байна. Тухайлбал, 2021 оны 3 дугаар улирлын байдлаар дотоодын иргэний хийсэн арилжааны гүйлгээ 20 хувийг, дотоодын ААН-ийн хийсэн арилжааны гүйлгээ 78.7 хувийг эзэлж байна. Харин гадаадын ААН-ийн хийсэн арилжааны гүйлгээ 0.8 хувь, гадаадын иргэний хийсэн арилжааны гүйлгээ 0.5 хувийг эзэлж байна. Товчхондоо бол арилжаанд оролцогчдын 98.7 хувийг монголчууд эзэлж байна.
Эх сурвалж: