УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой ажлын байрны бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх хэргийг яаж шийдэх, хэрхэх нь олон нийтийн анхаарлыг татаж буй.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас шалгаж дуусаад яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн юм.
Энэ асуудлыг хөндөн цуврал сурвалжилга бэлтгэсэн сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар өнөөдөр хэвлэлд хандлаа.
Тэд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Ц.Анандбазарыг өмгөөлж, сэтгүүлчдэд гомдол гаргасан асуудлаар Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдсэн юм. Мэдэгдлийг бүрэн эхээр нь толилуулбал,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА
Хүсэлт хүргүүлэх тухай
Ард түмнээсээ сонгогдсон эрхэм Ерөнхийлөгч танд энэ өдрийн мэнд хүргэе. Хүчирхийлэлгүй, хүний эрхийг дээдэлдэг, шударга нийгмийн төлөө эрхэм Ерөнхийлөгч танд сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа бид хандаж, хүсэлт хүргүүлж байна.
Эрхэм Ерөнхийлөгч Та “Монгол Улсад хүн бус хууль засагладаг болгоно. Эрх тэгш, шударга нийгмийг бий болгоно. Нийгэмд шударга ёс бүрэлдэн тогтоход хараат бус, шүүх, прокурор хамгийн чухал нөлөөтэй байдаг тул энэ хоёр институцыг чин шударга ажиллуулахын төлөө чөмгөө дундартал зүтгэнэ” гэдгээ нийт ард түмэндээ амлаж, сонгогдсон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын саналаар томилогдсон Улсын Ерөнхий прокурор Банзрагчийн Жаргалсайхан нь “Хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хараат бус, бие даасан байх” зэрэг хуулиар хүлээсэн үүрэг, зарчмаасаа гажиж, хүчингийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй УИХ-ын гишүүн Цогт-Очирын Анандбазарыг өмгөөлж хамгаалж, түүний өмнөөс гомдол гаргаж, сэтгүүлчдийг шалгуулж байгааг танд дуулгая. Хараат бусаар хуульд зааснаар шударга ёсны төлөө үйл ажиллагаа явуулах үүрэгтэй Улсын Ерөнхий прокурорын энэ үйлдэл прокурорт итгэх ард түмний итгэлийг уландаа гишгэсэн байж боломгүй үйлдэл болж байна. Асуудлыг тодруулбал, Улсын Ерөнхий прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 8/6931 дугаартай албан бичгээр “Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл”-д хандан Цахиур.мн сайтад холбогдуулан гомдол гаргасан байна.
Уг гомдолдоо: 1. “… Ц.Анандбазар нь “хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн нь цагдаагийн хянан шалгах ажиллагааны үр дүнд тогтоогджээ. … олон охид эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтад оруулж, хүчиндсэн нь цагдаагийн шалгалтаар тогтоогдсон” гэж цахиур.мн сайт бичсэн нь шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэсэн заалтыг зөрчиж байна” гэх утга агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Хэрвээ УИХ-ын гишүүн Ц.Анандбазар болон түүний хэвлэлийн төлөөлөгч, бие төлөөлөгч, хуульч нь ийм утга агуулгатай гомдол гаргасан бол хэнд ч, ямар ч хардлага төрөхгүй. Харин Улсын Ерөнхий прокурор бөгөөд Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын гэм буруутайг шүүх тогтоогоогүй байхад тогтоосон мэтээр мэдээлэл бэлтгэж хүний нэр төрд Цахиур.мн халдаж байна” хэмээн Ц.Анандбазарын өмнөөс гомдол гаргах нь төрийн өндөр албан тушаалтан Ц.Анандбазарын нөлөөнд УЕП орсон, түүнийг өмгөөлж хамгаалж байгаа мэтээр ойлгогдож, хардлага төрүүлж байна. Монгол Улсын прокурорын тухай хуульд заасны дагуу прокурор хүн “Төр, нийтийн эрх ашиг зөрчигдсөн” хэргийн төлөө гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг. Гэхдээ Эрүүгийн хуульд заасан хүчингийн хэргийн яллагдагч этгээдийн нэр төрийг хамгаалан, сэтгүүлчийн үйл ажиллагаанд хаалт тавьж, хууль сануулж гомдол гаргаж байгаа нь хүний эрхийн төлөө хэвлэн нийтэлж байгаа хэвлэл мэдээллийн редакц, сэтгүүлчийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа үйлдэл болж байна. Иймд Эрхэм Ерөнхийлөгч та хүчингийн хэргийн яллагдагчийн өмнөөс гомдол гаргаж яваа УЕП Б.Жаргалсайханыг шалгаж, хариуцлага тооцож, ард түмэндээ амласан шударга хуулийн засаглал, хүчирхийлэлгүй, шударга нийгмийг цогцлоох ажлаа эхлүүлээсэй хэмээн хичээнгүйлэн хүсэж, албан бичгээр хандаж, хариу ирүүлэхийг хүсэж байна.
Сэтгүүлч Ц.Анхзул 8808- 6677
Сэтгүүлч С.Будрагчаа 9000- 5522
2021.11.25 Улаанбаатар хот