Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр жүжигчин Д.Гүрсэдэд Ардын жүжигчин цол хүртээлээ.
Ардын жүжигчин Д.Гүрсэд “Өнөөдөр төр засаг маань намайг өндөр дээд шагналаар шагнасанд баярлаж байна. Монголын урлаг, түүх соёлын нэгэн үеийг бүтээж явдаг энэ салбарт өөрийн ухамсарт амьдралаа зориулж өнөөдрийг хүрч, төр засгаараа үнсүүлж байгаад ахмад уран бүтээлч би баяртай байна.
Хүүхдүүд та бүхний минь цаашдын ажил үйлс бүх юм өрнөн дэлгэр, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өвгөн уран бүтээлч өргөн дэвшүүлж байна. Би 60 гаран кинонд тоглосон. Тэдгээр дунд туслах дүр, гол дүр бий, гаднын улс орнуудтай хамтарсан уран бүтээл ч бий. Холливүүдийн жүжигчин Жонни Депп, Германы Гойко Митич, Өвөрмонголын Баасан зэрэг олон уран бүтээлч бий. Энэ бол уран бүтээлчдийн маань ач буян юм шүү” гэв.