ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа ковидын үед лабораторийн хэрэгслийн худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим аж ахуйн нэгж, компаниудад давуу байдал бий болгож үүнийхээ хариуд авлига авсан, мөн компаниудын захирлуудтай нь тохиролцож үндсэн үнээс өндөр үнээр худалдан авч түүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан үйлдэл шалгалтын ажиллагааны явцад тогтоогдсон байна.
Тэрээр авлига авснаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн бөгөөд түүний хүсэлтийг прокурор хүлээн авч, энэ сарын 12-нд шүүхэд шилжүүлснээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 18-нд С.Энхзаяа болон түүнд хахууль өгөгч Г.Сүхчулуун нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Ингэснээр С.Энхзаяаг 5.6 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан, мөн Г.Сүхчулууныг 4 сая төгрөгөөр торгож, нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилийн хугацаатай хассан байна.