Цаг уур, орчны шинжилгээний газраас арваннэгдүгээр сарын 22-29-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан байна. Урьдчилсан төлөвөөр долоо хоногийн эхний хагаст нийт нутгаар дулаарах боловч хугацааны эцсээр ихэнх нутгаар цас орж, хүйтрэх юм байна.
Хур тунадас: 23-нд баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 25-нд Халх голын сав газраар ялимгүй цас, 26-нд Монгол Алтайн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Салхи 23-нд Алтайн уулсаар, 26-нд Алтай, Хангайн уулсаар, 27-нд зарим газраар, 28, 29-нд говь талын аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15-20 градус, өдөртөө -4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +1+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11-16 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.