АНУ болон Монгол Улсын хооронд 2020 оны 4-р сард гарын үсэг зурсан Хүүхэд хамгааллын компакт гэрээний (ХХКГ) түншлэлийн хүрээнд ололт амжилтаа хуваалцаж, зорилгодоо хүрэх, үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар хоёр улсын холбогдох албаны хүмүүс болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран виртуал яриа хэлэлцээ хийлээ.
Хоёр талт яриа хэлэлцээгээр ХХКГ-ний түншлэлийн зорилт болох хүүхэд худалдаалагчдыг баривчилж зохих ёсоор яллаж шийтгэхэд чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлтыг бэхжүүлэх, эдгээр гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдэд гэмтэлд суурилсан, хохирогч төвтэй тусламж үйлчилгээг үзүүлж, Монгол Улсад хүүхэд худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар оролцогчид болон түнш байгууллагуудад эхний жилд тулгарсан ололт амжилт, сорилтын талаар ярилцав.
Энэхүү түншлэлийн хүрээнд Монгол Улс хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхийг нэн тэргүүний зорилт болгох үүрэг амлалт өгсөн бөгөөд хүний наймааны хохирогчдыг хамгаалах байранд үзүүлэх дэмжлэгийг өргөжүүлэх, хохирогч төвтэй мөрдөн байцаалт, яллах ажиллагааг сайжруулах, мөн хүүхэд худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж илрүүлэх, хамгаалах, гэмт хэргийг мөрдөн байцааж хэрэгтнийг яллах үйл ажиллагаатай холбоотой байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор салбар дундын хамтарсан баг байгуулсан юм.
Уулзалтад АНУ-ын Элчин сайд Майкл Клечески, Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Доктор Кари Жонстоун, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л. Нямгэрэл нар оролцов.
Элчин сайд Майкл Клечески хэлсэн үгэндээ АНУ түншлэлийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай хэвээр байгааг нотлохын сацуу “энэхүү түншлэл нь АНУ, Монгол Улсын хүүхдийг худалдаалахтай тэмцэхэд чиглэсэн тууштай бөгөөд хамтын үүрэг амлалтад суурилсан бөгөөд бодитой, урт хугацааны өөрчлөлтийг хүүхдүүдийн амьдралд үзүүлэх бүрэн боломжтой” гэж дурдав.
2020 онд АНУ-ын Засгийн газар ХХКГ-ний түншлэлийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн зөн, Азийн сан болон дотоодын түншүүд болох Монгол дахь Хүйсийн тэгш эрхийн төв, Талита Ази, Хөөрхөн Зүрх, Анбаунд Монгол зэрэг байгууллагуудад таван сая ам.долларын гадаадын тусламжийн хөрөнгө оруулалт хийсэн билээ. Хэлэлцүүлгийн үеэр доктор Жонстоун түншлэлийг дэмжих үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд АНУ-ын зүгээс дээрх түншлэлд 500,000 ам.долларын нэмэлт тусламж саяхан үзүүлснийг онцлон тэмдэглэв.
Доктор Жонстоун манай иргэний нийгмийн түншүүдийн ажилд талархаж буйгаа илэрхийлэхийн сацуу Монгол Улсын Засгийн газрыг түншлэлд тууштай зүтгэж байгаад сайшааж хэлсэн үгэндээ “ХХКГ-ний түншлэл нь өнгөрсөн жилийн өвөрмөц сорилтыг ажралгүй ялангуяа салбар дундын хамтарсан багийг байгуулах ажилд томоохон амжилт үзүүлж ирлээ. ХХКГ-ний зорилго, зорилтод хүрэхийн тулд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд амжилттай хамтран ажиллаж байна” гэж онцлон тэмдэглэв.