Ковид-19 цар тахал эрүүл мэндийн салбарт хөрөнгө хаях ёстойг дэлхий нийтэд ойлгуулсан өдөр хоногууд үргэлжилж байна. Монголд ч ялгаа алга. Бүтэн хоёр жилийн турш коронавирустэй “гардан тулалдсан” эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудал, олон жилийн турш гар хүрээгүй шахуу эмнэлгийн барилгын засвар, тоног төхөөрөмж гээд олон л зүйлийг ил болголоо. Гэхдээ энэ удаад эрүүл мэндийн салбарт учирч буй зовлон, бэрхшээлийг дахин тоочих гэсэнгүй. Харин энэ салбарт гэрэл асааж, “мөс хагалж” буй нэгэн эмнэлгийн талаар “Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд” цуврал онцлохоор шийдлээ.
Төрийн нуруунд үүрүүлж явсан эрүүл мэндийн салбар 1990 оноос л зах зээлийн зарчмаараа хөгжиж, бас хувьсан өөрчлөгдөж ирлээ. Харин энэ салбарт хувийн томоохон хөрөнгө оруулалтууд орж ирж, “мөс хагалсан”-аар өдгөө Монголчууд орчин үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой болсон. Үйлчилгээний соёл, чанар, тоног төхөөрөмж гээд бүхий л зүйлээрээ салбартаа шинэ жишиг, босго тогтоосон “Интермед” эмнэлгийн хөгжлийн түүхээс хуваалцъя.
2014 онд үүдээ нээсэн “Интермед”-ийнхэн гурван үндсэн зарчмыг удирдлага болгож иржээ. Анхны өдрөөсөө мөрдөж эхэлсэн “Үйлчлүүлэгч, ажилчдын аюулгүй байдал”, “Эмнэлгийн үйлчилгээний чанар”, “Орчин үеийн стандарт” гэсэн энэ гурван зарчмаасаа өдгөө ч хазайгаагүй яваа нь амжилтынх нь жор гэж хэлж болох юм. Та бидний сайн мэдэх соёлтой, найрсаг үйлчилгээ, тав тухтай, аюулгүй орчин, эрсдэлгүй, найдвартай эмчилгээг үзүүлэх гол хүчин зүйл нь ч гэж ойлгож болох. “Интермед” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар хэлэхдээ “Манай эмнэлэг 2014 онд үүдээ нээсэн ч энэ эмнэлгийг байгуулах санаа, төсөл бүр 2005 оноос эхтэй. Бараг найман жил судалж, төлөвлөж байж хамгийн орчин үеийн эмнэлгийг Монголдоо нээсэн. Нэг түүх ярьж өгөхөд, эмнэлгийн зориулалтаар барьсан барилга, эмч, сувилагч, ажилтнууд гээд боловсон хүчин нь бэлэн байсан ч бид яарч эмнэлгээ нээгээгүй. Жил орчим виртуал өвчтөн “эмчилж”, яг л эмнэлэг өдөр тутам хэрхэн ажиллах ёстой тэр зарчмаар ажиллаж, дадлага сургуулилт хийж байгаад 2013 онд эмнэлгээ нээсэн. Тиймээс ч Монголдоо шинэ жишиг болохуйц үйлчилгээг бид нэвтрүүлж чадсан. Баталгаа нь жилээс жилд өсөж буй бидний үйлчлүүлэгч, хамтран ажиллагч байгууллагуудын тоо.” гэсэн юм.
Өдгөө “Интермед” эмнэлэгт нэг өдөрт 700-800 өвчтөн амбулаториор үйлчлүүлж, 60-80 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Төлөвлөгөөт хийгээд яаралтай мэс засал 5-8, заримдаа арвыг ч хийдэг аж. Мөн өдөртөө 5-7 жирэмсэн эмэгтэйг амаржуулдаг гэхээр үйлчилгээний хүртээмж, цар хүрээ нь харагдана.
Мөн хөрш зэргэлдээ БНХАУ-ын хойд хэсгээс, ОХУ-ын урд хэсгээс ирсэн өвчтөнүүдэд ч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, байгуулагдсан цагаасаа хойш 100 гаруй улсын иргэнд үйлчилгээ үзүүлсэн нь чамлаж болохгүй том амжилт юм.
Гаднынхнаас гадна гадагшаа явж эмчлүүлдэг Монголчуудынхаа цаг, мөнгийг ч хэмнэж байгааг дурдах ёстой. Өмнө нь Монголд хийдэггүй байсан хэд хэдэн төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг “Интермед”-ийнхэн үзүүлдэг болсон нь олон хүнд дэм болж буй аж. Тухайлбал, Монголдоо анхлан Дурангийн эхо оношлогоо шинжилгээг хийж эхэлснээр энэ төрлийн шинжилгээ хийхээр харь орон руу зорьдог байсан цувааг мэдэгдэхүйц багасгаж чаджээ. Коронавирусийн тархалт өндөртэй, Монгол Улс хил гаалиа хаасан үед ч монголчуудын голчлон Солонгост очиж хийлгэдэг байсан хорт хавдрын химийн эмчилгээг эх орондоо тасралтгүй явуулсан байна. Мөн мэс засалд онцгой анхаардаг эмнэлгийн хувьд хамгийн орчин үеийн технологийг Монголдоо нутагшуулж, тэр чиглэлээр гадагшаа явдаг байсан иргэдийн тоог бууруулж чаджээ.
Мөн эмчилгээнийхээ чанар, нэр төрлийг сайжруулахын тулд тоног төхөөрөмжийн шинэчлэлийг ч цаг тухайд нь хийсээр ирсэн байна. Ер нь бол эмнэлгийн үйлчилгээ, тоног төхөөрөмж өөрөө өртөг өндөртэй. Хамгийн орчин үеийн технологи, төхөөрөмжийг нэвтрүүлэхийн тулд асар их зардал гардаг гэнэ. Энэ бүх санхүүгийн асуудлаа “Интермед” эмнэлгийнхэн сайн сайхныг санхүүжүүлсээр ирсэн Голомт банктай хамтран шийдвэрлэдэг юм байна. “Интермед” эмнэлэг үүдээ нээсэн 2014 онд урт хугацааны ECA зээлийг Голомт банк олгож, эмнэлгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг хийсэн бол 2017 онд мөн л багагүй мөнгөн дүнтэй баталгааг захиалагч талд нь гаргах зэргээр хамтарч ажилласаар иржээ.
“Интермед” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар:
-Аливаа хөрөнгө оруулалт, ялангуяа эмнэлгийн тоног төхөөрөмж өөрөө өртөг их өндөртэй. Анхны хөрөнгө оруулалт нь өндөр үнийн дүнтэй байдаг. Энэ болгонд бид Голомт банктай хамтарч ажилладаг. Хамгийн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмж авах төслийн нэг гол санхүүжүүлэгч нь Голомт банк байсаар ирсэн. Зөвхөн тоног төхөөрөмж авахаас гадна ажилчдын орон сууцны зээл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг дээр ч Голомт банк биднийг дэмжиж ажилладаг.
Монголын анхны 100 хувь цахим, мөн орчин үеийн эмнэлгийн барилга байгууламжтай “Интермед”-ээр үйлчлүүлэгчдийн тоо жил тутам 20-30 хувийн өсөлттэй байгаа юм байна. Монголдоо жишиг болсон эмнэлгээр үйлчлүүлэгчдийн эрэлтийг хангах зорилгоор “Интермед”-ийнхэн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт үүдэн эмнэлэг буюу салбар клиникээ нээн ажиллуулж эхэлжээ. Мөн “Интермед” нь АНУ-ын Чикаго хотод төвтэй Олон улсын магадлан итгэмжлэлийн ашгийн бус хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар “Магадлан итгэмжлэгдсэн” Монголын цор ганц эмнэлэг юм. Энэ бол “Интермед”-ийнхэн дэлхийд зөвшөөрөгдсөний жишээ билээ. Энэ мэтчилэн “Интермед” Монголдоо олон зүйлээр жишиг тогтоож, бас анхны гэх тодотголтой олон өөрчлөлтийг авчирч байна.
Г.ХУЛАН