БНСУ-ын 11, 12дахь ерөнхийлөгч (전두환) Чон Ду Хуан өнөөдөр өглөө 08 цаг 45 минутанд 90 насандаа таалал төгсчээ.
Чон Ду Хуан 1931 оны гуравдугаар сарын 6-нд Солонгосын Хапчонь-гүнь гэдэг газар төржээ. Тэрээр 1980 оны наймдугаар сарын 27-оос 1988 оны хоёрдугаар сарын 24 хүртэл БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байжээ.
Чон Ду Хуан 1979 онд цэргийн хүрээнд хууль бус хувийн байгууллага болох Хана нийгэмлэгийг байгуулж, 12 дугаар сарын 12-нд болсон цэргийн бослогыг удирдсан гэдэг. Мөн түүнийг шууд бус сонгууль явуулсан, эрүүдэн шүүж, хууль бус зүйл хийсэн, эрүү шүүлтээс болж олон хүнийг амь насаа алдахад хүргэсэн, ерөнхийлөгчийн давуу эрхээ өөрийн эрх ашигт зарцуулсан гэж Солонгосын ард түмэн үздэг байна. Түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсноос 7 жилийн дараа буюу 1995 онд баривчилж яллагдагчаар татсан ба анхан шатны шүүхээс цаазаар авах ялаар шийтгүүлж, давж заалдах шатны шүүх хурал дээр бүх насаар нь хорих ялаар шийтгүүлсэн боловч жил гаруйн дараа өршөөгджээ.
“Гуанжүгийн ардчиллын хөдөлгөөн” олон хүний аминд хүрсэн ч тэрээр одоог хүртэл уучлалт гуйгаагүй нь хүмүүсийн дургүйцлыг маш их хүргэдэг байна. Түүний нас барсан мэдээний дор (одоо л нэг юм үхэж санаа амарлаа) гэх зэрэг сэтгэгдлээр дүүрэн байна.