Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь, Б.Баярсайхан, Г.Ганболд, А.Адьяасүрэн нар өнөөдөр /2021.11.22/ Сүхбаатар аймагт ажиллалаа.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нутгийн удирдлагын дэд хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Сүхбаатар аймагт Төрийн албаны хуулийн хэрэгжилтийн талаар сургалт зохион байгууллаа.
Мөн сургалтын хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн танилцуулсан бөгөөд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Сургалт, хэлэлцүүлэгт Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ажлын албаны дарга, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Ажлын албаны дарга нар, төрийн албан хаагчид болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд зэрэг 100 гаруй төлөөлөл оролцож, санал бодлоо солилцлоо. Мөн Сүхбаатар аймагт туршлага судлахаар ирсэн Завхан аймгийн 12 сумын удирдлагууд оролцлоо.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг танилцуулав
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог илүү боловсронгуй болгож, төвлөрлийг сааруулж, нутгийн захиргааг бэхжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг өргөжүүлж, хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодотгож, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим эрх хэмжээг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн.
Сумын Хуралд улс төрийн нам бүлэг байгуулахгүй байхаар зохицуулсан. Орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болоход түүний эдийн засаг, санхүүгийн үндсийг тусгасан. Орон нутгийн өмч үүсэх эрх зүйн үндсийг тодорхой болгож, орон нутгийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх зарчим, орон нутаг дахь төрийн өмчийн удирдлагыг хуулиар тодорхойлсон хязгаарын хүрээнд хэрэгжүүлэх журам болон орон нутгийн өмчид тавих хяналтыг тодорхой болгосон. Мөн аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны төвшинд бүрэн эрхийг давхардуулж олгохгүй, нэг асуудлаар өөр түвшний байгууллага бүрэн эдлэх боломжийг багасгах, цаашид байхгүй болгох үндэс суурийг энэ хуулиар тавилаа.
Харин газрын харилцаа, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, газрын хэвлийн баялаг, байгалийн нөөц ашиглах, бэлчээр ашиглах талаарх нутгийн удирдлагын байгууллагын онцгой бүрэн эрхийг хуулиар тодорхойлсон зэрэг хэд хэдэн сайн зохицуулалт орсныг Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөл хэллээ. Гэхдээ хуульд учир дутагдалтай заалт бий.
Тухайлбал, шинэ нэгжийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 “анхдугаар хуралдааныг товлон зарласнаас хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдааныг хуралдуулж Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй, хуульд заасан хугацаанд төсвөө батлаагүй, түүнчлэн хуралдаан зарлаж товлосон хугацаанаас хойш хуралдахгүй 60-аас дээш хоног өнгөрсөн бол тухайн Хурлыг аймаг, нийслэлийн Засаг даргын санал оруулснаар Засгийн газар тараах шийдвэр гаргасан бол ИТХ-ын бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгоно” гэж заасан нь орон нутгийн өөрөө удирдах зарчимд сөрөг нөлөө үзүүлэх талтай гэж Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ИТХ-ын дарга Р.Анхбаяр хэллээ.
Сүхбаатар аймгийн Асгат сумын ИТХ-ын дарга Т.Анхныбаяр хэлэхдээ, “Өмнөх хуульд байсан зарим сул зохицуулалт хэвээрээ байгаа. Сумдын Засаг даргыг томилох тодорхой шалгуур дээр төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэж заасан нь сум орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, ур чадвартай шинэ хүнийг томилох боломжгүй болгож байна. Чадвартай хүний сонгогдох боломж хаагдахаар одоо төрийн албанд байгаа хүмүүсээс дахин томилох хэрэгтэй болдог сул тал ажиглагдаж байгаа” гэлээ.
Харин Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Мөнхзаяа хуулийн 38.6-д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэж заасан. Гэтэл энэ зохицуулалт аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч нарт хориглодог. Орон нутгийн хувьд хийж бүтээсэн ажилтай, туршлагатай хүмүүс иргэдийн хуралд нэр дэвшдэг. Энэ хүмүүс хурлын төлөөлөгч болсныхоо төлөө өөрийн хүссэн, чаддаг ажлаа хийх боломжийг хязгаарлачихсан. Би 2014 онд төрийн захиргааны удирдах ажлаа яг энэ шалтгаанаар өгч байсан. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд орон нутгийн сонгуульд нэр дэвших маш хүндрэлтэй байдаг. Хүний нөөцийн хувьд ч хүндрэл байдаг. Түүнчлэн сумдын Засаг даргын Тамгын газар 20 хүрэхгүй төрийн албан хаагчтай байдаг. Тамгын газрын харьяа 3-4 мэргэжилтэн ТЗ-3 шатлалаар цалинждаг. Бусад мэргэжилтнүүд босоо тогтолцоотой учраас ТЗ-5, ТЗ-6 шатлалын цалин авдаг. Төрийн албан хаагчид хүртэл цалингийн системээрээ ялгамжтай байхаар хүний нөөцийн дутагдалд орж байгааг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, “Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Одоо хуулийг дагаж мөрдөх журмууд батлагдана. Хуулиар бүрэн зохицуулаагүй харилцааг журмаар шийдэх боломжтой учраас энэ уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал чухал ач холбогдолтой. Орон нутаг бүр өөрийн онцлогтой учраас хуулийг Монгол Улсын нийтлэг эрх ашгийг хангах зарчмын дагуу баталдаг. Шинэ хуульд орон нутагт татварын эрхийг олгосноор зөвхөн төсвөөс мөнгө хүлээхгүйгээр дэд бүтэц, хөгжлийн асуудлаа бие даан шийдэх боломжтой болгосон. Хууль хэрэгжих явцад дутагдалтай, засаж сайжруулах шаардлагатай зохицуулалтыг өөрчлөх боломжтой. Нийтлэг агуулгаараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар бүрхэг байсан асуудлуудыг илүү тодорхой болгож, орон нутагт боломжийг ашиглах эрх хэмжээг олгосон гэж ойлгох хэрэгтэй” хэмээн оролцогчдын асуултад хариулт өглөө.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд эдэлбэр газрын асуудлыг хуульчлах хэрэгтэй гэв
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа Улсын Их Хурал 2020 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр 02 дугаар тогтоол гаргаж, уг тогтоолд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж, батлахаар нэр зааж оруулсан.1993 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг анх батлан гаргасан бөгөөд Үндсэн хуулийн суурь үзэл санааг баяжуулах, нийгмийн амьдралд шинээр гарч буй тулгамдсан асуудлыг зохицуулах зэрэг хэрэгцээ, шаардлага гарсаар байна. Үүний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар Улсын Их Хурлын даргын захирамжаар хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан ажиллаж байна.
УИХ-ын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг, “Дэлхийн улс орнуудын чиг хандлагаас харахад хот, тосгонд хүн амын суурьшлын асуудал гол цөм болж, хөдөлшгүй зүйл байдаг онцлогтой. Манай улсын тухайд ч нэгэнт Үндсэн хуулиар улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын асуудал хөндөгдөж эрх зүйн боломж нээгдсэн учраас ангиллын асуудлыг хот, тосгонд ч мөн адил анхаарч үзэх шаардлагатай. Ингэж байж чиг үүргийн хэрэгжилт хангагдана. Одоогийн хуульд хот, тосгоны чиг үүргийг тодорхой зохицуулж өгч чадаагүй тул хуулийн төслөөр нарийвчлах шаардлагатай. Мөн түүнчлэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн зарим эрх мэдэл, чиг үүргийг шилжүүлэх үндэс бүрдсэн. Иймээс шинэ хуулийн төслөөр хот, тосгоны эдийн засгийн үндэстэй холбоотой шинэ зохицуулалтыг тусгах юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг тусгасан, иргэдийн хүлээлтийг бүрэн хангасан хууль болох учиртай, хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг улам боловсронгуй болгоход чиглэсэн олон үнэтэй санал гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд орон нутгийн сумдын хилийн заагийг нарийн тодорхойлж, эдэлбэр газрын асуудлыг шийдэх хэрэгтэй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр хөндөж байлаа.
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шинэчлэлийн талаар сургалт боллоо
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжээд хоёр жил өнгөрч байна. Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлөөс энэ онд төрийн албаны сул орон тоог нөхөх шалгалтыг хоёр удаа зохион байгуулжээ. Хоёр удаагийн шалгалтад нийт 460 гаруй иргэн орсноос 26 хувь нь тэнцжээ. Жилээс жилд төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэх иргэдийн тоо нэмэгдэж байна. Харин тусгай шалгалтын тухайд энэ онд 50 гаруй ажлын байр зарлагдсанаас 27 ажлын байранд томилгоо хийсэн. Сүүлийн жилүүдэд төрийн албаны шалгалтад орж байгаа иргэд маш сайн бэлтгэлтэй байгаа гэдгийг тус аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Х.Энхцэцэг хэллээ.
Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдийн хувьд орон нутагт тэр дундаа суманд ажиллах сонирхолгүй байдгаас хүний нөөцийн хомстол үүсэх нэг шалтгаан болж байна. Тиймээс орон нутагт ажиллах хүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч, эдийн засгийн болон нийгмийн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, ёс зүйн зөвлөлүүдийг бэхжүүлэхтэй холбоотой шинэчлэлийн талаар танилцуулав. Төрийн албаны зөвлөлийн Сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын хэлтсийн дарга Л.Санжаарагчаа “Цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагыг нэвтрүүлэх нь” сэдвээр сургалт явууллаа.
Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Төрийн албаны шинэчлэлийн үзэл санааг орон нутгийн удирдлагуудын хүрээнд танилцуулах ажлыг Төрийн албаны зөвлөл, НҮБ-тай хамтран үе шаттай сургалт, уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна. Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлага, хандлага соёлыг сайжруулахад голлон анхаарч байгаа. Одоогийн байдлаар 12 аймагт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Төрийн албаны томилгоонд шинэ хуулийн зарчим, үзэл баримтлал, шаардлагыг зарим талаар алдагдуулсан нийтлэг дутагдал байна. Тухайлбал, төрийн албанд нөөцөд бүртгэлгүй хүнийг томилох, тухайн албан тушаалын шалгалтыг өгөөгүй хүнийг томилох, “Ковид”-ын хуулиар төрийн албанд ажиллаж байгаагүй хүнийг томилох, төрийн байгууллагад орон тоог хэтрүүлэх, батлагдсан албан тушаалын тодорхойлолтыг хангаагүй хүнийг томилох зэрэг дутагдал байна. Үүнийг нэн даруй залруулах, хуулийг нэг мөр ойлгох, хуулийн шалгуур шаардлагыг хангаж ажиллахад энэ удаагийн уулзалт, сургалт чухал ач холбогдолтой. Мөн холбогдох албан тушаалтанд хугацаатай үүрэг даалгавар, зөвлөмжийг өгч ажиллаж байна хэмээн Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.