МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийджээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцлээ. Энэ бол агаарын хөлөг буюу онгоцны шатахуунтай холбоотой асуудал. Онгоцны шатахууныг төрийн өмчит “Эрдэс ойл” компаниар дамжуулж, ОХУ-аас татаж авч, онгоцны шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг нь бууруулж ажиллана. Манай Засгийн газар ОХУ хамтраад зөвхөн онгоцны шатахуун нийлүүлэх компани байгуулах нь үр дүнтэй гэж үзсэн. Бусад шатахууны асуудалд төр оролцохгүй гэж үзсэн. Яаралтайгаар өргөн барьсан төслийг МАН-ын бүлэг дэмжлээ.
Мөн нийслэлийн автозамын түгжрэл бууруулах төслийн танилцуулгыг сонслоо. Олон арга замыг ярьж байна. Нийтийн тээвэр хөгжүүлэх, захиргааны чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ гэх мэт. УИХ дээр Нийслэлийн хөгжлийн түр хороо гэж бий. Энэ хороо гишүүдийнхээ үгийг сонсож ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Тодорхой, бодитой үр дүн гаргаж ажилла гэдэг чиглэлээр гишүүд санал хэллээ” гэв.