Зохиолч Х.Болор-Эрдэнийн зохиолоор Европт хийгдэж буй анхны киноны зураг авалт эхэлжээ.
“Bonjour la vie” нэртэй бэсрэг уран сайхны киноны зураг авалт Швейцарьт хийгдэж байгаа бөгөөд тэрбээр уг киноныхоо тухай “Энэхүү киноны зохиолыг бичих явцдаа өрнийнхөний амьдрал, зан байдал, харилцааны дотоод хэлбэрийг өөрийн нүдээр харж, мэдэрснээ илэрхийлсэн юм. Сонирхолтой нь найруулагч болон кино багийнханд зохиол маань маш их таалагдаж, Ази тэр тусмаа монгол зохиолчийн бичсэн зохиолоор кино хийхээр нэн даруй ажилдаа орцгоосон юм. Хайр, итгэлцэл, хүсэл тэмүүлэл, залуу нас, гал цог ганцхан хоромд юу ч биш болон хувирч байгаа тухай нэгэн адармаатай түүхийг уг кинонд өгүүлэх болно” хэмээжээ. Киноны зураг авалт ирэх онд дуусаж үзэгчдийн хүртээл болох аж.
“Bonjour la vie” зохиол нь зохиолчийн 6 дахь уран сайхны киноны бүтээл юм. Түүний намтарыг сонирхуулбал,
Зохиолч, сэтгүүлч Халтарын Болор-Эрдэнэ 1975 оны онд Улаанбаатар хотод төрсөн. Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжилтэй. Ардын эрх, Өнөөдөр, Үг, Зууны мэдээ сонинуудад мэргэжлээрээ ажиллаж байсан. Одоо чөлөөт уран бүтээлч. Түүний бичсэн олон дуу, туужууд, кино, роман бүтээлүүд нь уншигчидад хэдийнээ танил болж нийтэд тархжээ. Болор-Эрдэнэ зохиолчийн өгүүллэгийн түүвэр “Би бид хоёр” ном, “Хишигт” дурсамжит туужаараа хоёр ч жил дараалан утга зохиолын оны шилдэг бүтээл “Алтан-Өд” наадмын тэргүүн шагналыг хүртжээ. 2019 онд Болор-Эрдэнийн туужийн ном “Хишигт” нь “Khishigt Mongol” нэртэйгээр мөн “Гүйж яваа эмэгтэй” роман нь “La môme qui court” нэрээр франц хэлнээ орчуулагдан европын болон дэлхийн франц хэлтэн уншигчдад түгээгдсэн байна.