Америкийн Атланта (Жоржиа) хотын Олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх цэг дээр өнгөрсөн Бямба гаригт нэг этгээд гар буугаар буудаж, гурван хүнийг шархдуулсан талаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны харьяа Тээврийн аюулгүй байдлын албаны (TSA) хэвлэлийн алба мэдээллээ.
Тус газрын мэдээлснээр, хамгаалалтын албаныхан ачаа тээшийг сканнердаж байх үед нэг цүнхнээс “хориотой зүйл” олсон байна. Тэд сэжигтэй уутыг онгойлгоход эзэн нь тээш рүү яаран гүйж, гар буу гарган буудсан бөгөөд үүний дараа буутай этгээд онгоцны буудлаас зугтсан байна.
Болсон явдлын дараа онгоцны нислэгийг түр зогсооход хүрсэн бөгөөд нисэх онгоц буудалд эмх замбараагүй байдал үүссэнийг харуулсан дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тарж эхэлжээ.