Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр, 77 цех үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр байгууллагад нийт 1680 хүн ажиллаж буй. Сүүний үйлдвэрүүд жилд 470.5 мянган тн сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар нийт хүчин чадлынхаа 35 хувийг ашиглаж байгаа юм.
2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр үйлдвэрийн аргаар 176.2 сая.литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулсан нь өмнөх онтой харьцуулахад долоон хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2012 онд үйлдвэрийн аргаар 72.8 сая литр сүү боловсруулж байсан бол 2020 онд 176.2 сая болж нэмэгджээ.
Сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйд ашиглаж байгаа 2091 толгой цэвэр үүлдрийн үнээнээс өдөрт дунджаар 18 литр сүү, 67.0 мянган толгой эрлийз үнээнээс өдөрт дунджаар зургаан литр сүү авдаг. 2020 онд эрчимжсэн мал аж ахуйгаас 111.6 сая.литр сүүг үйлдвэрт нийлүүлсэн аж. Шингэн сүүний 70 хувийг дулааны улиралд, 30 хувийг сэрүүний улиралд бүрдүүлдэг.
Дээрх тоо, баримтаас харахад сүү, төмс, улаан буудай, махны нийлүүлэлт жил тутам өсөн нэмэгдэж эх орны эрүүл хүнсээр дотоодын хэрэгцээг бүрэн хангахад ойрхон байна. Түүнчлэн энэ жил анх удаа Баянхонгор аймгийн Баянлиг сум цагаан будаан ургац авч, 10 тонн будаа хураан авсан. Ингэснээр монгол хөрсөнд будаа тариалах боломжтойг гэрчлэв. Иймээс Засгийн газар бодлого, шийдвэрээ тариаланчдаа чиглүүлж, дэмжиж ажиллавал өөрсдийн тариалсан бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах бүрэн боломжтой юм.