Европын холбоо Пүрэв гаригт Польш болон бусад улсын хил дээр бөөгнөрөл үүсгэж байгаа цагаачдын урсгалтай холбоотой асуудлаар Беларусийн талтай томоохон хэмжээний хэлэлцээр хийх боломжгүй гэдгээ мэдэгджээ.
Европын комиссын төлөөлөгч Эрик Мамер “Лукашенкогийн дэглэмтэй хэлэлцээр хийгээгүй” хэмээн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Түүний хэлснээр, Брюсселийн анхаарал одоо Минсктэй цагаачдын асуудлаар харилцаа холбоо тогтооход бус харин цагаачдад туслах, тэднийг эх оронд нь хүргэж өгөхөд чиглэж байна аж.
Үүний зэрэгцээ Мамер Беларусийн талтай холбоо тогтоох боломжтой хэвээр байгаа ч зөвхөн техникийн асуудлаар хэлэлцээ хийнэ. НҮБ-ын бүтцүүд, ялангуяа НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг, Олон улсын цагаачлалын байгууллага, Беларусийн талтай хилийн боомт дээр байгаа хүмүүсийг эх оронд нь буцаахад туслалцаа үзүүлэх талаар техникийн хэлэлцээ хийх болно. Хэлэлцээний гол сэдэв бол энэ юм. Гэхдээ мэдээжийн хэрэг, хил дээр байгаа хүмүүст тусламж үзүүлэхэд бэлэн” хэмээн мэдэгджээ.
Арваннэгдүгээр сарын 8-нд Ойрхи Дорнодын орнуудаас гарсан Европын холбооны улсууд руу нэвтрэх хүсэлтэй хэдэн мянган цагаач Беларусийн талаас Польштой хил дээр ирсэн юм.
Энэ үйл явц Польш, Беларусийн хилийн байдал улам ээдрээтэй болгосон бөгөөд 11 сарын 16-нд дүрвэгсэд Брузги шалган нэвтрүүлэх боомтоор нэвтэрч, Польшийн аюулгүйн хүчнийхэн рүү чулуу шидэж, саадыг эвдэн нэвтрэхийг оролдсон тохиолдол гарсан байна.
Үүний хариуд Польшийн хилчид нулимс асгаруулагч хий, усан буугаар галласан байна.