Мал аж ахуйн салбарын оршин тогтнох үндэс болсон бэлчээрийн менежмент, малын чанар, эрүүл мэнд болон “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Дундговь аймагт зөвлөгөөн болжээ.
Зөвлөгөөний нээлтийн үеэр ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 84.2 хувьтай байгааг дуулгаад энэ жил нийт 169.7 мянган малчид өрхөд 67.8 сая мал өвөлжихөөс 19 мянган өрхийн 8.4 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийсэн талаар мэдээлэл өглөө. Мөн тэрээр “УИХ-аас 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийг баталж, ковидын нөхцөл байдлын улмаас энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон.
Энэ хууль хэрэгжсэний үр дүнд бий болох хөрөнгийг сум хөгжүүлэх санд төвлөрүүлж Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 60.2.8-д малын тоо толгойн албан татварын орлогыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар тусгасан нь бодлого хэрэгжих боломж бүрдэж байна. Иймд малын тоо толгойн албан татварыг сайтар төвлөрүүлж, мал аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд анхаарч, хамтран ажиллахыг хүсье” гэсэн юм.
Өнөөдрийн зөвлөгөөний гол онцлог нь бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын оролцоог нэмэгдүүлэх, нөгөө талаар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх талаар төр, салбар яам, аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурал, төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, малчид хамтран санал солилцож, зөвлөлдөж байгаа нь юм.
Дундговь аймгийн хувьд бэлчээр даацаасаа 2-3 дахин хэтэрсэн учир тус аймгийн 15 сумын 150 цэгт хөрс, ус, ургамал, цөлжилт, элсний нүүдлийг багтаасан томоохон хэмжээний судалгаа хийсэн байна. Цаашид энэ судалгааны дүнд үндэслэн дунд, урт хугацааны хөтөлбөр гарган хэрэгжүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна. Нөгөө талаар, Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилтийн үр дүнд бий болсон хөрөнгө эргээд малчдад зарцуулагдах учир малчид татвараа идэвхтэй төлж байгааг тус аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал хэлсэн юм хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.