УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар горимын санал гаргав.
Тэрбээр “Би шударга үнэнийг хэлнэ. МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдсан байна. Хахууль авсан байна. Жолоочийн даатгалын тухай хууль дээр би хоёр горимын санал оруулъя. Нэгдүгээрт, жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бол өөрөө өөрсдийнхөө төлөө эрсдэлээ хамтаар үүрэх байсан хууль. Энэ нь хувийн өмчтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль. Үүнийг төрд авах асуудал яригдаагүй. Би уг нь энэ хуулийг чимээгүй дэмжинэ гэж бодсон. Жолоочийн даатгалыг төрд авна гэх хар пиарыг даатгалын 14 компанийн эзэд хийсэн. Зарим гишүүд бас ийм утгагүй зүйл ярьсан. Тиймээс даатгалын компани, жолооч нарын төлөөллийг хамтад нь оролцуулах хүсэлтэй байна. Төрөөс даатгалын 14 компани 230 тэрбум төгрөгийг төрийн албан журмын даатгалаар жолооч нараас хурааж авдаг. Үүнээс 110 тэрбум төгрөгийг нөхөн олговорт буцааж өгдөг. Үлдсэн мөнгө нь эдгээр компанийн орлого болдог. Төрийн нэр барьж авдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, монополь эрхтэй, төрөөс тусгай зөвшөөрөл авсан 14 компани энэ мөнгийг зарцуулж байна.
Төрөөс жолооч нарын эрхийг хамгаалж, нөхөн төлбөр авахад нь зохицуулалт хийе гэсний төлөө төрд авах гэж байгаа гэх хар пиар л явлаа. Үндсэн хуульд төрөөс эдийн засгийг зохицуулна гэж заасан. Төр авна гээгүй зохицуулалт л хийх гэж байсан. 1 сая жолооч бүгд хувийн өмчтэй. Хувийн өмч, бие биенийхээ эрсдэлийг хамгаалж үүрэх систем нь өөрсдийнх нь төлөө л байсан. Амь амиа бодоорой гэсэн хатуу ширүүн байдлыг зөөллөх гэж энэ бодлогыг санаачилсан. Жолоочийн албан журмын даатгалыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой. МАН-ын бүлэг үүнийг эргэж нэг хараач” гэлээ.