Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 (48.2 хувь) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.1 (41.0 хувь) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 12.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.7 (52.5 хувь) их наяд төгрөгөөр буурсан байна.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2021 оны 10 дугаар сард 1.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 156.7 (15.9 хувь) тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 122.5 (8.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2021 оны 8 дугаар сард 211.2 тэрбум төгрөг, 9 дүгээр сард 236.1 тэрбум төгрөг, 10 дугаар сард 270.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Улсын нэгдсэн төсвийн орлогод тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 4.5 нэгж хувь, татварын бус орлого 1.9 нэгж хувиар өсөж, ирээдүйн өв сангийн орлого 0.1 нэгж хувь, татварын орлого 6.3 нэгж хувиар буурсан байна.
Татварын нийт орлого 2021 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.5 (37.0 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 1.2 (69.8 хувь) их наяд төгрөг, нийгмийн даатгалын орлого 470.6 (37.3 хувь) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 453.6 (24.8 хувь) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 172.7 (27.6 хувь) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 152.9 (24.7 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.