УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Шүүхэд салхи оруулах асуудлыг шийдэхгүй бол шүүгч нар цус ойртсон. Хэргийг хавсарч шийддэг байдал хавтгайрсан. Энэ асуудлыг сахилгын хороон дээр яаж авч хэлэлцэх вэ?
Жишээлбэл, Нийтийн ашиг сонирхлын хуулиар улстөрчид оффшор данстай байж болохгүй, үүнд эхнэр, нөхөр, үр хүүхэд бүгд хамаарна гэж заасанчлан аль ч шатны шүүгч бай хүүхэд нь хуулийн байгууллагатай холбоотой ажил хийж болохгүй байлгүй. Өмнө нь салхитын мөнгөний орд гээд хэрэг гарч байсан. Ийм хэрэг дахиад гарахад бэлэн байгаа. Гаднынхны гар хөл болсон.
Орон нутагт олон дарга нартай байна. Үүнийг цөөлөхөд анхаарах хэрэгтэй. Шүүгч бус гишүүд шүүхийн байгууллагад салхи оруулна гэдэгт итгэж байна. Та бүхэнд ихээхэн хариуцлага ирж байгаа. Бүлэглэл бий болсон асуудалд анхаарч ажиллахыг хүсье” гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Авлига авдаг шүүгч нараас болж шүүхийн байгууллагад ажиллаж буй олон хүний нэр хүнд унаж байна. Шүүхийн шийдвэрт гомдогч тал хууль тогтоох бүх байгууллагын бүх шатанд гомдлоо ярьж явдаг.
Шүүхэд хийж байгаа өөрчлөлт бол оролдлого. Эхний ээлжид шүүхийн байгууллагад олон нийтийн төлөөллөөс оруулах ажлыг хийж байна. Олон улсын жишгээр томилгооны сонсголд асуудалтай хүн орж ирвэл сүүлдээ зугтаад алга болдог. Цаашид олон томилгооны сонсгол хийгдэнэ.
Шүүхийн байгууллага дээр очоод асуудалтай танилцаж хуульд өөрчлөлт оруулбал шүүхийн шинэтгэл сайн болно” гэлээ.