Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээллээ. Тэрбээр энэ үеэр,
“Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг 24 Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/ хариуцан ажилладаг. Тэдгээрийн 16 нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэлбэрээр ажиллаж буй бол найм нь хувийн хэвшлийнх юм. Өнгөрсөн долоо хоногт бид ТҮК-ийн ажилтнуудтай уулзсан. Тэд тулгамдсан асуудал, жаргал зовлонгоо ний нуугүй ярилцсан.
Улаанбаатарчуудын хувьд хогоо ангилан ялгах соёлд суралцаагүй. Тэгэхээр хотжих соёлд бүрэн суралцаагүй байна гэсэн үг. Гудамжиндаа шүлс нусаа хаядаг, хүнд, хөнгөн бие засдаг, тамхины ишээ цонхоороо гаргаж шиддэг үзэгдэл байж болохгүй. Хотын иргэд бол дүрэм стандартад хашигдаж, хуулиа дагаж мөрддөг байх ёстой. Хөдөө, орон нутгаас ирж буй хүмүүсийг хотжих соёлд сургаж, соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. 1, 2 үе бус, 3-5 үе явж байж хотожсон иргэн төлөвшдөг” гэлээ.