УИХ-ын гишүүн Ц.Туваан “ЭМД-ын сангаас сум болон өрхийн эрүүл мэндийн төвд олгох суурь санхүүжилт хоёр дахин өссөн, хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан” талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг хэрхэн ажилласан, дүгнэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл өгье. Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулиар эрүүл мэндийн салбарыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлсэн. Ингэснээр төрийн болон хувийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжиж байгаа.
Иргэд эрүүл мэндийн даатгалын сангаас хязгааргүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч болохоор болсон. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм авах жорыг бүх эмч нар бичиж, бүх эмийн сан олгодог болсон. Энэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт ямар байгааг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг саяхан дүгнэлтээ гаргаад Засгийн газарт чиглэл өгөх тогтоолоо батлаад байна.
Шинэ хууль сум болон өрхийн эмнэлэгт хангалтгүй хэрэгжиж байна. Анхан шатны эмнэлгийн байгууллагуудад нэг иргэнээр тооцдог санхүүжилтийг хоёр дахин өсгөсөн. Ингэснээр анхан шатны эмнэлгүүдэд 87 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх онд шийдэж өгөхөөр болсон.
Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж, гурван ажлын хэсгийг баталж ажиллуулахаар болоод байна. Хүнсний улаанбуудайн борлуулалттай холбоотой асуудал аж ахуйн нэгж, иргэд, тариаланчдаас ирсэн. Улаанбуудайн борлуулалт ямар шатанд явж байгаа талаар шалгалт хийнэ.
Хүнсний ногооны хангамж, тариалалтын асуудлыг шийдэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулагдсан. Эрээний хил хаагдахад манай улсад нарийн ногооны үнэ өссөн зэрэг асуудлыг энэхүү ажлын хэсгээр авч хэлэлцэнэ. Манай улс өнөөдрийн байдлаар 540 гаруй мянган тонн улаанбуудайг хурааж аваад байна.
Тариаланчид маш их улаанбуудайг хурааж авсан ч борлуулалт нь хүндрэлтэй байгаа юм. Тухайлбал 240 гаруй мянган тонн улаанбуудай борлуулагдсан гэсэн мэдээтэй байна” гэлээ.