“НҮБ-ын Ази-Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дэх удаагийн хурал” 11 дүгээр сарын 22-25-нд Монгол Улсад зохион байгуулагдана. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү хурлыг НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллага болон Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ хамтран зохион байгуулж байна.
“НҮБ-ын Ази-Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын хурал” (APCAS)-ын түүхэнд энэ удаагийн хурал анх удаа цахим болон биечилсэн хэлбэрийг хослуулан зохиогдох юм.
Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам харьцангуй цөөн, нүүдэлчин соёл уламжлалтай хот, хөдөө хосолсон амьдралын хэв маягтай. Хөдөө аж ахуйн салбарын ялангуяа малын тоон мэдээллийг 1918 оноос эхлэн цуглуулсан, мал тооллогыг жил бүр зохион байгуулдаг. Мөн газар тариалангийн салбарын мэдээллийг албан ёсны статистикийн дагуу жил бүр тооцон гаргадаг бөгөөд Хөдөө аж ахуйн тооллогыг 2022 онд зохион байгуулахаар бэлтгэж байна. 10 жил тутамд зохион байгуулдаг энэхүү тооллогын бэлтгэл ажлыг хангаж байгаа энэ цаг үед тус хурлыг манай улс хариуцан зохион байгуулж буй нь онцгой ач холбогдолтой.
Улс орнууд хөгжлийн замаа тодорхойлохдоо байгаль орчинд ээлтэй, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалсан, үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлсэн, аж амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн, судалгаанд суурилсан бодлого боловсруулах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Хөдөө аж ахуйн салбарыг манай улс хөгжлийн түлхүүр салбар гэж үздэг. Энэ хүрээнд хөгжлийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийн илүү богино хугацаанд гаргасан, нарийвчилсан тоон мэдээллийн эрэлт улам бүр нэмэгдэж байна.
“Тогтвортой хөгжлийн зорилго” болон “Алсын хараа 2050” хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтийг тооцох, үнэн зөв, бодит мэдээллээр бодлого боловсруулагч нарыг хангахад статистикийн байгууллагын үүрэг нэмэгдэж байгаа өнөө үед нэгдсэн аргачлалаар НҮБ-ын харьяа байгууллага, тэр дундаа Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай нягт хамтран ажиллах шаардлагатай юм.
Иймд энэхүү хурлаар улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж байгаа бодлого, төлөвлөлтөд шаардлагатай тоон мэдээллийг бий болгох, тооцооны бодит байдлыг сайжруулах, гүнзгийрүүлсэн судалгаа боловсруулах зэрэгт бүсийн улс орнуудын туршлага, олон улсын нэгдсэн арга зүйг судалж, үйл ажиллагаандаа ашиглах боломжтой гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.