ОХУ-ын хоёр иргэнийг хууль бус цагаачлал зохион байгуулсан хэрэгт буруутган яллагдагчаар татсан талаар Польшийн прокурорын газраас мэдээллээ. Катовице дахь Ерөнхий прокурорын газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигатай тэмцэх газар “Ойрхи Дорнодын иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлэх ажиллагааг олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл үйлдсэн хэмээн үзсэн бөгөөд холбоотой этгээдүүдийг яллагдагчаар татжээ.
Тус газар 5 яллагдагчийн үйлдсэн нийт 12 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Польшийн Аюулгүй байдлын албаныхны мэдээлснээр Ойрхи Дорнодын иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлдэг олон улсын бүлэглэл нь Грек, Словак, Унгар, Австри, Герман, Ойрхи Дорнодын орнууд зэрэг олон орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байжээ.
Энэ талаараа хоёр сэжигтэн мөрдөн байцаалтын үеэр мэдүүлэг өгсөн бөгөөд тэд бүлэглэлийн үйл ажиллагаа, гишүүдийн үйлдсэн гэмт хэргийн нарийн ширийн зүйлийг илчилсэн гэжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт Беларусь, Польшийн хил дээр хэдэн мянган цагаач цугларч, Европын холбооны улсууд руу нэвтрэхээр бөөгнөрөл үүсгэж байгаа бол Польшийн эрх баригчид цагаачлалын хямралд Минскийг буруутгаж, хилийн хамгаалалтыг чангатгаж, цэргийн хүчээ татаж, хууль бус цагаачдын хилээр нэвтрэх оролдлогыг саатуулж байгаа юм.