Монгол Улсад орчин цагийн драмын урлаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Драмын Эрдмийн Театрыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа.
Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрдмийн Театр нь 1931 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 90 дэх үзвэрийн жилтэйгээ золгож байна. Тодруулбал, 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улсын төв театр байгуулагдаж, зохиолч С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгийг дуу, хөгжимтэйгээр найруулан тавьж, тайзны нээлтээ хийж байсан аж.
Түүхэн хөгжлийн 90 жилийн хугацаанд тус театр дэлхийн сонгодог бүтээлүүд болон өөрийн орны зохиолчдын 500 гаруй сор бүтээлийг урлагийн их тайзнаа амилуулж, үе үеийн алдар цуутай олон уран бүтээлчийг төрүүлэн, нийслэлийн иргэдэд соёл урлагийн үйлчилгээг хүргэх, тэднийг соён гэгээрүүлэх их үйлсэд болон урлагийн салбарт онцгой их хувь нэмэр оруулсан юм.
Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонг гардуулан өгөх үеэрээ Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Драмын алтан тайзан дээр гарч ирээд тайз, дэлгэцийн уран бүтээлээр л уулзаж байсан аугаа их уран бүтээлчдийн өмнөөс харж байгаад үг хэлнэ гэдэг амаргүй юм байна. Энэ танхимд байгаа бүх хүн авьяас билэг, хүчин зүтгэл, хөлс хөдөлмөрийн үр шимээрээ Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд соён гэгээрлийн том хувь нэмэр оруулсан. Театрын урлаг нь хүн төрөлхтөний оюун санааны хөтөч, нийгмийн толь байсаар ирсэн. Өндөр босгоор алхан орж ирж, өргөн сандалд дүүрэн суусан алтан тайзны эзэд, ариун сүмийн бурхад та бүхэндээ нийслэлчүүдийнхээ өмнөөс уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ