Улаанбаатар хот нь Монгол орны амьтны аймгийн мужлалаар Хэнтийн тойрогт хамаардаг бөгөөд тайгын хамгийн өмнөд захын салбар уулст хамаарах тул тайга болон ойн бүсийн олон зүйл амьтдын тархац нутгийн өмнөд хил болдгоороо онцлогтой.

Нийслэлийн байгаль орчны газраас хөхтөн амьтдын тархац, нөөцийг нарийвчлан тогтоох, мөн өмнөх жилүүдэд амьтан хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг тодорхойлох зорилгоор судалгаа хийжээ.

Судалгаагаар Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд 58 зүйл хөхтөн амьтан бүртгэгджээ. Энэ нь Монгол орны хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн 40 гаруй хувийг эзэлж байна. Үүнийг багаар нь авч үзвэл, шавж идэштэн 5, гар далавчтан 5, туулай хэлбэртэн 5, мэрэгчтэн 22, мах идэштэн 14, туруутан 7 зүйл байна. Эдгээрийг Дэлхийн Байгаль хамгаалах холбооны улаан дансны шалгуур үзүүлэлтээр үнэлбэл:

Олон улсын хэмжээнд

  • Анхааралд өртөхөөргүй 86%
  • Ховордож болзошгүй 9%
  • Эмзэг 3%
  • Үнэлгээ хийгдээгүй 2%

Бүс нутгийн хэмжээнд

  • Анхааралд өртөхөөргүй 53%
  • Ховордож болзошгүй 12%
  • Устаж болзошгүй 12%
  • Эмзэг 2%
  • Мэдээлэл дутмаг 15%
  • Үнэлгээ хийгдээгүй 5% байна.

Мөн 2016 онд тэмдэглээгүй Vespertilio murinus – Буурал 5 сармаахай, Spermophilus dauricus – Дагуур зурам, Microtus fortis – Өргөөнч оготно, Myopus schisticolor – Ойн хөвхөлжин, Ovis ammon -Аргаль хонь зэргийг шинээр тэмдэглэж, Халиун буга, Бор гөрөөс, Янгир ямаа, Монгол тарваганы тоо толгой өссөн үзүүлэлт ажиглагдаж байгаа нь өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг илтгэж байна.

Хотжилтоос үүдэлтэй хөхтөн амьтдад учирч буй сөрөг нөлөөллийг тооцоолоход төвийн 7 дүүргийн газар нутгийн 62.5% нь өөрчлөгдсөн буюу амьтад идээшлэх боломжгүй гэж гарчээ. Амьдрах орчны хуваагдал орсон зэрэг үр дүнгээс харахад дараа дараагийн жилүүдэд зэрлэг амьтан нүүдэллэх боломжийг бүрдүүлэх экологийн гарц байгуулах, биотехникийн арга хэмжээ буюу зэрлэг амьтны тархац нутагт идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх, ойн сан бүхий газарт газар олголтыг хориглох, зуслангийн бүсийн хашаа хайсыг нэгдсэн стандарттай болгох, зэрлэгшсэн нохойн тоо толгойг зохицуулах, тархац нутаггүй болсон амьтдыг шилжүүлэн нутагшуулах зэрэг арга хэмжээг төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн