УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2022 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хуралдааны өмнө үг хэлэхдээ “Монгол Улсад улс төрийн хоёр нам бий. Гэтэл өнөөдөр нэг нам нь нөгөөгөөрөө тоглож байна. Ардчилсан намаар ингэж тоглож байхад Монголд хууль хэрэгжиж байгаа гэж итгэхэд бэрх боллоо. Улсын бүртгэл зэрэг төрийн байгууллагууд дагаж далдганадаг даргынхаа заавраар ажиллаж байна. Үүгээрээ далимдуулж хэд хэдэн сонгуульд өрсөлдөгчгүй ялалт байгуулж байна. Ингэж болох юм уу. МАН 60 гаруй гишүүнтэй болсноос хойш улс орон завхарч байна. Мөнгө төгрөг зах замбараагүй зарцуулж байна. МАН-ынхныг бүгдийг нь буруутгахгүй. Энд эрүүлээр сэтгэдэг, зөв зүйл ярьдаг гишүүд бий. Улс орон 2-3 дарангуйлагчийн гарт орчих шиг боллоо. Ц.Элбэгдорж гэж дарангуйлагч гэж байсан бол одоо У.Хүрэлсүх гэж дарангуйлагч гарч ирж байна уу” гэв.