Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрээр “ОХУ-аас Монгол Улсаар дамжуулан БНХАУ руу татах байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын явцыг хуралдаан дээр танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д айлчлахдаа харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Үүгээр энэ чиглэлд тусгай зориулалтын компани байгуулж, ТЭЗҮ-г хийх ажил эхэлсэн. Ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байгаа. Төсөл амжилттай урагшилж байгаа гэж дүгнэж байна.
ОХУ, Монголын түүхт 100 жилийн ойн арга хэмжээний үеэр өндөр ач холбогдолтой, олон асуудлыг шийдвэрлэхүйц ази, европыг холбосон томоохон төсөл хийгдэж эхэлснээрээ онцлог боллоо. Засгийн газрын хуралдаанаар зарим бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөгдлөө.
Хийн хоолой татах зурвасыг тодорхойлсон. 196.5 км хийн хоолой татагдана. ТЭЗҮ хийх ажил 70 хувьтай явж байна. Энэ ондоо багтаж үндсэндээ дуусна. Түүнчлэн ОХУ-ын стандартыг дотоодын хууль журамд нийцүүлэх зэрэг бусад ажил явж байгааг дуулгамаар байна. ТЭЗҮ дууссаны дараа Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг хийнэ. Манай талаас холбогдох хуулийн төслийг боловсруулах болон бусад нарийвчилсан төлөвлөгөөнүүд гарна” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Манай улс байгалийн хийг зөвхөн дамжуулагч байх уу, эсвэл мөн хэрэглэгч байх уу. Хэрэв хэрэглэх бол холбогдох стандартыг батлах зэрэг бэлтгэл ажлуудыг хийх үү?
-Байгалийн хий манай улсаар дамжина. Үүнээс гадна хэрэглэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. “Газпром” компанийн ТУЗ-тэй энэ талаар санал солилцсон. Шинээр байгуулах хот суурин зэргийг хийн эх үүсвэрээр хангахад хүндрэл учрахгүйг тэд онцолж байна билээ. Харин тооцооллоо тодорхой болгох, эцсийн байдлаар ҮАБЗ-өөр хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа.
-Коронавирусийн чанаргүй оношлуур оруулж ирсэн гэх асуудал анхаарал татаж байна. Энэ тал дээр танд ямар мэдээлэл байна вэ?
-Албан ёсны мэдээллийг холбогдох байгууллагууд өгөх байх. Ийм асуудал байхгүй гэдгийг ЭМ-ийн сайд өөрөө мэдэгдэж байгаа.
-Малын гоц халдварт өвчин орон нутгаар дэгдэж буй талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?
-Аймаг, орон нутгуудад хэд хэдэн төрлийн малын халдварт өвчин гарч байна. Голомтыг нь хяналтад авсан. Малын халдварт өвчнийг тархаахгүй байх хүрээнд вакцинжуулалтыг ажил давхар хийгдэж байгаа. ХХААХҮЯ-наас вакцинжуулах зэрэг холбогдох ажлыг гардан гүйцэтгэж буй. Шинээр гарсан товруу өвчний талаар мэдээлэл цуглуулж байна.