Монгол улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцод тусгагдсан хуурайшлын индексээр манай орны нийт нутаг дэвсгэрийг хамруулан тооцоолж үзэхэд 90 гаруй хувь нь хагас хуурай, хуурай бүс нутагт хамрагдаж байгаа юм.
Энэхүү үндэслэлд тулгуурлан үзэхэд манай орны нийт нутаг дэвсгэрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх магадлалтай байгаа юм. Нийт нутаг дэвсгэрийн 77.8% хувь их бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн байна. Үүнээс 35.3% нь сул, 25.9% нь дунд, 6.7% хүчтэй, 9.9% нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.
Цөлжих үйл явц манай орны хувьд янз бүрийн хэлбэрээр илрэн гарч байна. Тухайлбал, тариалангийн талбайн 561.4 мян.га талбайн хөрс доройтолд орж үржил шим нь 20 хувиар буурч, бэлчээрийн нийт талбайн 70-аад хувь талхлагдаж, жил бүр 1000-6000 шоо метр загийг огтлон ашигласнаас гадна, 2.0 сая га талбайг ойжуулах шаардлагатай болоод байна.
Түүнчлэн говь, хээрийн бүсийн 150-иад төв суурин газрын төвийн эргэн тойрны 1.5-2.0 км талбай тойрог үүсгэн хэт талхлагдсаны улмаас элсний нүүлт хөдөлгөөнд нэрвэгдэж, төвийн хашаа, байшингийн ард 1.5-2.5 м элсний хуримтлал бий болжээ. Иймд цөлжилтийг бууруулахад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
Үүнд:
1. Төрөөс ойн талаар баримтлах бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Ойн тухай үндэсний хөтөлбөр, Ус үндэсний хөтөлбөр, Ногоон хэрэм, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр, Монгол мал хөтөлбөр зэрэг холбогдох хөтөлбөрүүдийн уялдааг хангаж салбар дундын зохицуулалтыг сайжруулах ба “Тэрбум мод тарьж ургуулах” ажлын хүрээнд “Ногоон хэрэм”, Цөлжилттэй тэмцэх” үндэсний хөтөлбөрүүдийг шинэ үзэл санаанд тулгуурлан шинэчлэн батлах;
2. Монгол орны цөлжилт, газрын доройтлын үнэлгээг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хамт хийх (улсын болон орон нутаг, аймаг, сумын түвшинд);
3. Монгол орны байгалийн ялгавартай бүс нутаг бүрд цөлжилт, газрын доройтлыг урт хугацаанд судлах суурингуудыг байгуулж, цөлжилт, газрын доройтлыг нарийвчлан судлах, бууруулах технологийн туршилтуудыг хийх (экосистемийн иж бүрдлүүдийн хүрээнд)
4. Монгол орны заган ой, баянбүрдүүдийг нөхөн сэргээх үйл ажиллагааг ховор ба ховордсон ан амьтан, ургамлыг хамгаалах хүрээнд зохион байгуулан гүйцэтгэх;
5. Монгол орны говь, цөл, хээрийн бүсэд мод үржүүлгийн газрын сүлжээ байгуулах үндэслэл боловсруулж хэрэгжүүлэх;
6. Төв суурин газруудыг элсний нүүлт хөдөлгөөнөөс хамгаалах, орчин суугчдын амьдрах орчныг сайжруулахад агро-ойжуулалтын технологийг хэрэгжүүлэх;
7. Орон нутаг, бүс нутгийн хүрээнд цөлжилтийг таниулан ойлгуулах, түүнтэй тэмцэх, сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах;
8. Цөлжилт, газрын доройтлын нөхөн сэргээх туршилт, судалгааны үр дүнгүүдийг Монгол орон даяар хэрэгжүүлэх арга хэмжээ авах (цөлжилтийг сааруулах дэвшилтэд технологиудын туршилт, судалгааны www.moncat.mn цахим хуудсыг хөгжүүлэх.