Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор “Хүний эрх ба цагдаа” сэдэвт ээлжит бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг Цагдаагийн ерөнхий газраас Хүний эрхийн үндэсний комисс, “Монгол Эмнести Интернэшнл” байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Сургалтын нэгдүгээр үе шатанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад Хүний эрхийн талаарх үндсэн ойлголтыг өгөх, хоёрдугаар үе шатанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Хүний эрхийн сургагч багш нарыг чадавхжуулах хөтөлбөрийн дагуу хоёр үе шаттай зохион байгуулж байна.
Дээрх сургалтаар алба хаагчид “Хүний эрх гэж юу вэ?”, “Хүний эрхэд суурилсан хандлага гэж юу вэ?” “Олон улсын хүний эрхийн гэрээ”, “Төрийн үүрэг”, “Хүний эрхийн хязгаарлалт”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх”, “Жагсаал, цуглаан цахим дэмжлэгтэй идэвхтэн, манлайлагчдын сэтгэлзүйн хэв шинж”, “Сэтгэлзүйн хамгаалалтын арга хэмжээ”, “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа ба хүний эрх”, “Жагсаал цуглаан ба хүний эрх” зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, ур чадвар дээшлүүлэхэд чиглэнэ.
-СУРГАЛТ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-
Цагдаагийн ерөнхий газраас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд“Хүний эрх ба цагдаа”сэдэвт ээлжит бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн бүсчилсэн сургалтыг ХЭҮК, “Монгол Эмнести Интернэшнл” байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Энэ хүрээнд өнөөдөр /2021.11.04/ Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчдад “Хүний эрх ба цагдаа” сургалт явагдаж байна.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар: “ЦЕГ-аас зохион байгуулж буй “Хүний эрх ба цагдаа” сургалтад өнөөдөр цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, хэсгийн байцаагч нар цахимаар болон танхимаар оролцож байна. Сургалтад хамрагдсанаар алба хаагчид хүний эрхийн талаар мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх, цаашид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтээ хүний эрхийг дээдэлж ажиллахыг эрхэмлэх, тусгах чухал ач холбогдолтой юм” гэв.