УИХ-ын Хууль зүй, Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тал дээр дэвшил гарч байгаа гэж бодож байна. Гэхдээ УИХ дээр сайн ярих ёстой. Тус хуулийн 27 дугаар бүлэг нийгэмд бий болсон ялзарсан зүйл шантаажийг зохицуулах гээд байгаа. Дуу, дүрс бичлэгийн янз бүрийн систем орцонд хүртэл байрлуулж байна. Энэ асуудлыг зохицуулахаар болж байна.
Орон сууцны орох, гарах хэсэг, дундын эзэмшлийн талбайд шаардлагатай бол дүрсний бичлэг байрлуулж болно. Гэхдээ дуу байхгүй буюу дуу, дүрс хамт байхгүй гэсэн нарийн зохицуулалт хийгдэж байна. Хувцас солих, ариун цэврийн өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний болон караоке, зочид буудлын өрөөнд дуу дүрсний бичлэг хийхийг хориглож байгаа. Иргэдэд сайн ойлгуулах нь чухал байна.
Бичлэгийн системийг хууль ёсны дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор хууль хяналтын байгууллагатай хамтран шалгалт хийж болно гэсэн заалт байна. Энэ заалтыг харин сайн ярилцмаар байгаа юм. Хувь хүний нууцад халдаад байгаа этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэмээр байна.
Ямар тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ямар үед Зөрчлийн хуулиар торгох вэ гэдгийг тодруулмаар байна. Хувь хүний нууцтай холбоотой асуудалд хууль чанга болох ёстой” гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Зөвшөөрсөн, хориглосон заалтыг тухайн орц, ресторанд зөв хэрэглэж байна уу гэдгийг шалгах нь хуулийн чухал заалт юм. Хоолны газрын тусгай өрөөнд дуу, дүрсний аль ч бичлэг байх ёсгүй. Харин нийтийн зааланд дууны бичлэг байхгүй, зөвхөн дүрсний бичлэг байх ёстой.
Орц, гарцны хувьд давхартаа хоёр юм уу гурван айл амьдарч байхад камерын бичлэгийг бусдад түгээж байна уу үгүй юу гэдэг нь гол асуудал. Камерын бичлэгийг тухайн давхарт амьдарч байгаа айлуудын болон хууль хяналтын байгууллагын зөвшөөрлөөр өгнө.
Зөрчил, Эрүүгийн хуульд тодорхой өөрчлөлт орж байгаа. Хүний эмзэг болон хувийн нууцад хамаарсан мэдээллийг задруулж, түгээн дамжуулсан бол тухайн хүн эрүүгийн хариуцлага хүлээнэ. Үүнээс бусад хүний хувийн мэдээллийг бусдад задруулсан бол тухайн хүн зөрчлийн хариуцлага хүлээх юм” гэв.